Төрийн далбааг байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог болох хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.”, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.” гэж тус тус заасан.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журмыг хуульчлан зохицуулдаг. Уг хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн далбааг байнга мандуулах байршлыг тодорхойлсон бол 25 дугаар зүйлд иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн бэлгэ тэмдгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед Төрийн сүлд, далбаагаа барих байрлуулах, мандуулах буюу Төрийн дууллыг эгшиглүүлж болохоор заасан байдаг.
Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг байнга мандуулах эрх зүйн орчныг сайжруулах, түүнчлэн төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулах зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор заажээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.