Нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч НҮБ-аас 30-35 сая төгрөгийн цалин авдаг
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан байна.
- Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөн найруулж, энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлжээ.
- Монгол Улсын Их Хурал, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, Цэрэг, цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг шинээр нэмж, Засгийн газрын болон гадаад харилцаа, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон байна.
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан тушаал, сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг тусган, Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах, үүрэг гүйцэтгэх төрлийг тодорхой болгожээ.
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч өөрөө хариуцах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлох зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: -Энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулалдаг вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор манай улсад орлого ордог уу, мөн хэр хэмжээний зардал гардаг вэ?
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: НҮБ, цэрэг илгээгч орнуудын хооронд НҮБ-ын дүрэмд заасны дагуу гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурдаг. Санамж бичигт НҮБ-ын энхийг сахиулах мандаттай ажиллагаанд цэргийн баг, алба хаагчдыг илгээх асуудлыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэргийн албан хаагчийг сонгон шалгаруулах манай журам байгаа. Энэ журмын дагуу сонгон шалгаруулсан цэргийн алба хаагчдын материалыг НҮБ-руу илгээдэг. НҮБ манай материалыг хүлээн аваад дахин хянадаг. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн баг, алба хаагчдад НҮБ гэрээнийхээ дагуу нөхөн төлбөр олгодог. Тухайн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэг, галт хэрэгсэл, техник бүрд олгох НҮБ-ын нөхөн төлбөрийн норматив гэж бий. Энэ нормативын дагуу нөхөн төлбөр Монгол Улсад орж ирдэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн алба хаагчид цалин хөлстэй байдаг. Монголд хашиж байсан албан тушаалынхаа цалинг бүрэн авна. Мөн үүрэг гүйцэтгэсэн томилолтын нөхөн төлбөр авдаг. Нэг жил үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч бол дунджаар 30-35 сая төгрөг нөхөн төлбөрт авдаг.