Сонгож болохгүй улстөрч: Ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.УНДРАМ
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ төрөөс хулгай хийдэг, ёс зүйгүй улстөрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь ОДОО ТА БИДНИЙ ГАРТ Л БАЙНА. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. Тиймээс хэнийг, яагаад УИХ-Д дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгаан сануулах болно.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам Дархан, Сэлэнгэ, Төв аймаг буюу сонгуулийн 5-р тойрогт нэр дэвших хүсэлтээ өгчээ. Гэтэл тус тойрогт МАН-аас 20 хүн өрсөлдөж байгаа учир "Биеэ засч, гал тогоогоо цэгцлэх шаардлагатай" гишүүдийн нэг болох Ч.Ундрам дахиж сонгож болохгүй улстөрч жагсаалтад орох хүн мөнөөс мөн. Учир ....
Эрх мэдэл, мөнгө хоёроор “зодож” байж, Сэлэнгэ аймагт нэр дэвших “виз” аван, УИХ-ын гишүүнээр сонгогдсон түшээ бол Ч.Ундрам юм. УИХ-д анх удаа сонгогдсон ч сайдын суудалд санаархсан нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болгож байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахаар болж, Бага хурлаа зарлан хуралдуултал Ч.Ундрам гишүүн “Боловсролын салбараа аваръя гэвэл намайг сайдаар нь сонго” гэх агуулгатай зүйл ярьсанд Ардын намын гишүүд “Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хонь минийх болж байна. Эхлээд хуулийн төсөл дээр ажиллаад сураадах” гэж аашлуулсан гэх нь бий.
Тэрбээр МАН-ын гишүүд дотроо ёс зүйн хувьд асуудалтай хүнээр яригдсаар бүрэн эрхээ дуусгах болж буй.
Учир нь, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болоод удаагүй байтал охиноо хүчирхийлсэн бичлэг цацагдсан нь нийгэмд дуулиан тарьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэх асуудал ч хөндөгдсөн. Тухайлбал, дээрх асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн иргэдээс УИХ-д цахимаар 200 өргөдөл, бичгээр 700 иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирсэн байдаг.
Нөхөр, хүүхдийнхээ дэргэд хийсэн бусармаг, завхай үйлдлийг айл гэр болгон жигших ёстой гэж бодож байна. Ийм үйлдэл нь үнэхээр ичгүүртэй гэдгийг ойлгох нь чухал.” Энэ бол УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралтын хэлсэн үг. Парламентад сонгогдон ажиллаж буй 13 эмэгтэйн нэг түүний хувийн амьдралын талаар нөхөр нь есөн сарын өмнө олон нийтэд дэлгэсэн юм. Сонсоход ч эвгүйцмээр ёс зүйгүй явдлын талаар нөхөр нь “шүгэл үлээх”-дээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлалгүй арга хэмжээ авч, хоёр хүүхдийг өөрт нь үлдээхийг хүссэн билээ.
Гэвч хуулиар, намаар хамгаалагдсан бүрэн эрхийнхээ бамбай дор Ч.Ундрам суудалдаа үлдсэн. Хэн ч түүнд ёс зүйн хариуцлага тооцсонгүй. Тиймээс ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.УНДРАМД дахин УИХ-д иргэдийг төлөөлж суух эрх байхгүй гэдгийг сануулж байна.