Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулна

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүд “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан. Тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан.

Гэтэл сүүлийн жилүүдэд энэ бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдах, улсын хилээр гаргах үйлдэл их гарчээ.

Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндангийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна. Иймд Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулжээ.

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон талаар тогтоолын төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын уг тогтоолд нэмэлт оруулах бодит нөхцөл, судалгааг танилцуулсан юм. Үүнд, олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага их байна.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн нь эдэлгээ удаан, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хайбрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсэн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой гэв.

Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.

Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалгын нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655640
1 эможи

keyboard_arrow_up