Х.Болорчулуун: Хүнсний ногооны 95 хувийг дотоодоос хангахаар хаврын тариалалтын бэлтгэл хангаж байна

2024 оны 3 сарын 20

Arslan.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.03.19/ хуралдаан 17 цаг 29 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлсэн.

Хуралдааныг Байнгын хорооны дарга Ж.Батжаргал даргалж, Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээлэл сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын хэмжээнд 2024 онд 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.0 мянган га-д тариалалт хийж, 350.9 мянган  га-д уринш боловсруулж, 546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 4.0 мянган тонн, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал,  34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хураан авч, хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна гэж байлаа.

Мөн тариалалтад улаанбуудайн үр 55.0 мянган тонн шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацид 7.2 мянга, улсын үрийн нөөцөд 3.0 мянга, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд импортоор 9.5 мянган тонн үр орж ирүүлэхээр гэрээ хийж буйг дурдахын зэрэгцээ хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1177 тонн шаардлагатай гэв.

Өвлийн хүлэмж хоёр га, зуны нийллэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулна гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих, жимс, жимсгэний дотоодын хангамжийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 980 сая төгрөгт Төв, Хэнтий, Увс аймгууд, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэний суулгац үржүүлгийн төв 12 га-д байгуулна. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг тодотгосон.

Тэрбээр мэдээлэлдээ, Засгийн газрын хуралдаанд улаанбуудайн үрийг 30, төмс, хүнсний ногооны үрийг 80 хувь, бордооны татаасыг 30 хүртэл хувь олгох шийдвэрийн төслийг бэлтгэж, танилцуулна. Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгт хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн хуулийн этгээдэд хөнгөлөлт үзүүлэх, төмс хүнсний ногооны механикжуулалт 3.9 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, 950 га талбайг механикжуулна гэж байлаа.

Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө сайжруулах зээлд 2024 онд 65.0 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 16.0 тэрбум төгрөгийг тус тус  жилийн 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжихэд 8.0 тэрбум, хүлэмжийн аж ахуй байгуулахад 7.0 тэрбум, зоорийн аж ахуй байгуулахад 10.0 тэрбум төгрөгийг тус тус жилийн 6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл олгох мэдээллийг тариаланчдад хүргэж, хүсэлт ирүүлсэн материалыг цахим системд хянаж, арилжааны банканд хүргэж, бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна гэв.

Хүнсний ногооны хадгалалт, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад баригдах 200-500 тонн төмс, хүнсний ногооны зоорь барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг  зохион байгуулаад байгааг мэдээлэлдээ дурдсан юм.

Салбарын сайд мэдээлэлдээ, газар тариалангийн үйлдвэрлэлд 23.0 мянган тонн шатахуун хэрэгцээтэй ба тариалалт, уринш боловсруулалтад 11.0 мянган тонн, ургац хураалтад 12.0 мянган тонн шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан тоот хүргүүлсэн гэхийн сацуу  цаг агаарын болон бусад  гэнэтийн давагдашгүй хүчин зүйл  учраагүй тохиолдолд тариалалтыг 14-16 хоногт гүйцэтгэх техникийн хангамж бүрдээд буйг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: УИХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655507
0 эможи

keyboard_arrow_up