“Шүүхээс ял сонссон УИХ-ын хоёр гишүүн“
УИХ 76 гишүүнтэй. Үүнээс хоёр нь шүүхээс ял сонсоод байна.
Тодруулбал,
- Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 80 хүн холбогдсон. Тэднээс 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэм буруутай гэж үзэн шүүхээс ял оноосон. Гэм буруутай 32 хүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг бөгөөд хахууль авсан гэх үндэслэлээр түүнд 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассан билээ.
- Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс улс төрд нөлөө бүхий 13 этгээдийг яллагдагчаар татан шалгасан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон.
Гэтэл ийнхүү шүүхээс ял оноосон ч тэд УИХ-ын гишүүн тул хорих болон, албан тушаалаас нь чөлөөлөх боломжгүй.
Учир нь, УИХ-ын тухай хуулийн 9.1.1-д “Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэж заажээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түдгэлзүүлж, хорих ял эдлүүлэх хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүү хурал болж байгаа. Үүний дараа асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан бас давж заалдах шатны шүүхэд хандаж, шийдвэр гарсны дараа хэлэлцэнэ. " гэсэн юм.









