УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол явуулна
Улсын Их хурал газар олголттой холбоотой асуудлаар 2024 оны тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол зохион байгуулна.
“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийв.
Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ.
Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. Улсын Их Хурал тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэлийг өглөө.