Малчдын зээлийг тэглэх тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барина
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар зохион байгуулах болсонтой холбоотой Ардчилсан намын даргын тушаал гарсныг танилцууллаа.
АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь " Хөдөөд цагаан сар болоогүй. Нөхцөл байдал маш хүнд байна. Өглөө нь гаргасан зам өдөр нь дарагддаг, өдөр гаргасан зам орой нь дарагддаг. Шилэн зуд, төмөр зуд, түүхэнд байгаагүй зуд нүүрлэсэн.
Телевизийн мэдээ өчигдөр үзлээ. Улсын хэмжээнд 670 мянга гаруй толгой мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн Сзхбаатар аймагт гэхэд 1,2 сая толгой мал хорогдоод байна. 2023 оны тавдугаар сарын гамшгаар бүх төл байхгүй болсон. Нэг аймагт 1,2 сая мал үхчихээд байхад “Шилэн зуд болж байна, 670 мянга гаруй мал хорогдлоо. Тийм учраас манай зургаан сайд гурван бүсэд ажиллаж байна” гэж матрын нулимс унагаад байгаа.
Зудын бүсэд ажил хийдэг хүмүүс нь очихгүй байна.
Одоо яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө төгрөг шийдэж өгөх шаардлагатай. Үхсэн мал босохгүй, одоо хүнээ аврах ажиллагаа л явуулах шаардлага байна. Малчид түлэх түлээ, идэх хоолгүй болсон. Үзүүлэх эмчдээ очиж чадахгүй байна." гэв.