НАМРЫН ЧУУЛГАН: Улсын их хурал 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоолыг баталжээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хаалтаа хийлээ. Хуралдааны дэг ёсоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш..Адьшаа, Ч.Хүрэлбаатар, А.Адъяасүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нар Засгийн газраас 2023 оны хавар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжиж өгөхийг уриаллаа. Гишүүдийг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг хойшлуулах талаар олон мянган иргэдийн гарын үсэг бүхий хүсэлт, 156 албан бичиг Улсын Их Хуралд ирсэн, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага учраас ард иргэд эсэргүүцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гээд эрхэм гишүүдийг үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд өргөсөн тангаргаа дээдэлж ажиллахыг уриалав.
Үүний дараа Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулан хэлэлцүүлж, улмаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор уншиж танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Сангийн яаманд ажиллаж байсан, ажлын туршлагадаа тулгуурлан сануулах зүйл байна. Манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгийн зах зээл сайнгүй нөхцөл байдалтай энэ цаг үед бондын зах зээлийг нээх нь эрсдэлтэй, хууль батлах нь зохисгүй. Бонд гаргаад, эргэн төлж чадахгүй бол Засгийн газар дуудагдана, цаашлаад дампуурч мэднэ гээд, урьд өмнө нь зураг, төсөлгүй эхлүүлсэн алдаатай жишээнүүдийг дурдаж, санууллаа.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үр дүнгүй хөтөлбөр батлах вий гэдэгт болгоомжилж байгаагаа илэрхийлж, өмнөх бондууд хэр үр ашигтай байсныг тодруулав. Ажлын хэсгээс Улаанбаатар хотод нийт 60 га газрыг чөлөөлж, орон сууцжуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл өгч, тайлбарлалаа. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөх тухай уг төсөлд тусгажээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал орон сууц барих нь утааг бууруулахтай холбоотой асуудал байтал түгжрэлийг бууруулна гэжээ, асуудалд ул суурьтай хандмаар байна гэхэд, Улсын Их Хурлын гишүүн, сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний Хорооны дарга Б.Дэлгэрсайхан, бидний төлөвлөж оруулж ирсэн зүйлийг албаар гуйвуулж байна, дэмжлэг авч байж, ажил урагшилна гэсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрийг Улсын Их Хурал баталж байгаа. Цар тахал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед яаралтай горимоор шийдээд явуулдаг. Гэтэл сайжирсан зүйл харагдахгүй байна. Үнийн өсөлтийг бууруулах хуулийн хэрэгжилт хаана байна? Хэзээ сайд нар Улсын Их Хурлын гишүүдийг загнадаг болчихсон юм. Орон сууц барьснаар түгжрэл буурахгүй хэмээн хуралдаан даргалагч Г.Занданшатар хэлээд, хэлэлцүүлж буй хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.8 хувийн саналаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг баталлаа.
Харин дараа нь Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг хөнджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ц.Анандбазар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын даргын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийг иргэдэд өгөөжтэй байлгахын тулд нээлттэй болгох учиртай гээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирэх чиглэл өгөв. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 69.8 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр тусгажээ. Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болохыг Ажлын хэсэг онцолж байлаа.
Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм. Анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжиж, мөн 56.6 хувийн саналаар төсөл батлагдлаа.
Энэ өдрийн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Уг асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.7 хувь нь дэмжиж, төслийг баталлаа.
Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцад хамааруулан гэрээ шууд байгуулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлаас “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулж, хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн уншиж танилцууллаа.
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт, шалгалт” хийх Түр хороо нь худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэх, нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэсэн дөрвөн чиглэлээр ажиллана. Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах үүрэг хүлээх юм. Түр хороо байгуулж буй явдлыг улс төрийн зоримог шийдвэр хэмээн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар дэмжиж үг хэлэв. Тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад 66.7 хувийн санал авч, төслийг баталлаа.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Т.Аубакир, Д.Сарангэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Үндэсний зөвлөлд үүссэн эмх замбараагүй байдал, ажлаа цалгардуулж, талцсан нөхцөлтэй байгааг, мөн өдөр Улсын Их Хурлын төлөөллийг очиж ажиллах үед ажлаа орхин зугатсан, ажилтнуудын цалинг тавьж чадахгүй, уран бүтээлч уур амьсгал эвдэгдсэн, талцсан талаар мэдээлсэн юм. Энэ бүхэн нь цаашид уг Зөвлөлийн гишүүдийн томилгоог эргэн харах, хариуцлага тооцох, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага урган гарч байна гэв. Олон жилийн ажлын туршлагатай уран бүтээлчдийн багт буруу байхгүй. Түүнчлэн үндэсний эв нэгдлийг эрхэмлэх, соён гэгээрүүлэх чиглэлд тэнцвэртэй мэдээллээр олон нийтийг хангахад чиглэж ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржид захилаа. Гишүүдийг үг хэлсний дараа Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлье гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилох саналыг олонх дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлсэн Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Төрийн албаны зөвлөлийн сахилга хариуцлагын асуудлыг хөндөж, шинэ гишүүдэд хуулийн дагуу хараат бус ажиллахыг захив. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, төрийн албаны эрх зүйн орчин шинэчлэгдэж, Ёс зүйн хороотой байгуулсан, одоо “Шатны гишгүүрийг дээрээс нь шүүрдэнэ”, сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд хойрго ханддаг, та бүхэн өөрсдөө сайнаар үлгэрлэж, манлайлах шаардлагатай хэмээн сануулав.
Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нэр дэвшигчдийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хэмээн үнэлж буйгаа илэрхийлээд, төрийн албанд мерит зарчим баримтална гэсэн хууль баталж, хэрэгжүүлж эхэлсэн ч гавьяа, шийтгэлгүй, алдаа мадаггүй олон жил төрийн албанд зүтгээд дарга болж, дэвшсэн хойноо дур зоргоороо авирладаг явдал орон нутагт гарсан. Тиймээс төрийн албаны ёс зүйн дүрэм, журмыг сайтар боловсруулах ёстой гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулахад, нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нар хараат бус, чин шударга зарчим баримтлахаа илэрхийлж, товч танилцуулга хийв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан зарим яам, тамгын газар дахь “Усны шувууд” гэж нэрлэгддэг хэсэг бүлгийг цэвэрлэж, ёс зүйтэй ажиллаарай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлж, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдагва төрийн албаны туршлагатай, боловсролын салбарт хамтран ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн нь хариуцлагатай, шинэлэг арга барилаар ханддаг хэмээн дүгнэж, амжилт хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан улс орны хөгжлийн нууц нь шилдэг залуусаа томилох явдал тул төрийн албанд шилдгүүдийг томилох ёстой. Боловсролын салбарт шинэчлэл хийсэн ч Төрийн албаны тухай хуулин дахь шалгуур хангахгүй, хаалттай, чөдөр тушаа болдог. Ажлаа үүнээс эхлээрэй гэв. Шүүхийн тогтоолд Төрийн албаны зөвлөл тайлбар бичдэг байдлыг арилгаж, манлайлж ажиллаарай гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт төрийн албатай холбоотой үүссэн жишээг дурдаад алдааг давтахгүй байх, үүрэг гүйцэтгэгч гэсэн томилгоог цөөрүүлэхийг захив. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатарзориг, Цэдэндамба нар сайн ажилласан хэмээн дүгнээд Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Ёс зүйн хороог байгуулсан, соён гэгээрүүлэх хөтөлбөр баталсан, зайлшгүй хуульчилсан зүйл тул анхаараарай гэв.
Ийн хэлэлцсэний дараа Байнгын хорооны саналаар Б.Баатарзориг, С.Цэдэндамбыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөх, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд илтгэсэн юм. Тус байнгын хороо нь намын бүлэг, Байнгын хороо, хууль санаачлагчийн саналыг үндэслэн дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг боловсруулжээ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр Байнгын хороодоос 39, Монгол Улсын Засгийн газраас 50, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 24, Ардчилсан намын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна. Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслүүд болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслүүдийг тусгах зарчмыг баримтлан хэлэлцэх асуудлын жагсаалтад 44 хууль, тогтоолын төслийг тусгажээ. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Пүрэвдорж нар асууж, үг хэллээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65.4 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд; Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төсөл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталж, зарим хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
Намрын чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа. Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган байв. Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажилласан. Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж, нөхцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн, таатай үр дүн олон байгаа ч анхаарах ёстой зарим асуудал бий. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг Улсын Их Хуралд тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ... Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хөрсөнд буулгах маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. Нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Улсын Их Хурлын гишүүдэд захилаа.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.