1,2 сая иргэнд 1072 ширхэг ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслийн хүрээнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх асуудлыг тусгасан юм.
Учир нь, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна.
Улмаар энэхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.