Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга оролцлоо

2023 оны 12 сарын 30

Arslan.mn

Арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Манжийн ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан юм.

Монгол Улсын Их Хурал анх 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгосон бол 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Үндэсний  эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгосон юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Шанхын Баруун Хүрээ хийдэд боллоо.

Уг ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Шанхын Баруун Хүрээ хийдийн Тэргүүн лам Н.Баасандорж болон аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож, Богд хаант Монгол Улсын Төрийн тугт мандал өргөв. Мөн хийдийн лам нар Монгол түмний их шүтээн “Очирваань” бурхныг тахиж, “Адистидын дээдийг хайрлагч” номыг монголоор хурж, “Эртний сайхан”, “Зуун лангийн жороо луус”, “Монгол Улсын Төрийн дуулал” буюу гурван үеийн төрийн дууллыг эгшиглүүллээ.

“Эртний сайхан” дууг Чингис хааны төрийн дуулал байсан гэж үздэг бол “Зуун лангийн жороо луус” дууг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн дуулал байсан түүхтэй.

Шанхын Баруун Хүрээ хийдэд Богд хаант Монгол Улсын төрийн шинэ туг буюу Шар тугийн эхийг хадгалдаг бөгөөд орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар 2014 оноос эхлэн туг цэнгүүлэх ёслолын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, олон нийтэд үзүүлдэг уламжлалтай болжээ.

Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахидаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг аж.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаант Монгол Улс байгуулагдаж, төрийн ёс дэг, ёслолыг цэгцэлж, үндэсний уламжлалт соёлыг тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх тухай зарлиг гарснаар энэ тугийг бүтээсэн байна.

1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн туг буюу далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлбэл зохимуй” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.

Энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу 3×1 харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105×280 см, дэвсгэр нь 70×210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50×60 см, дэвсгэр нь 30×30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх бөгөөд хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Түүнчлэн төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна.

Мөн Богдын Засгийн газраас төрийн далбааг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь байдаг. Ингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширдэг байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653702
0 эможи

keyboard_arrow_up