Ж.Батсуурь: Тойргийн наймаа явагдаж байна. Хан-Уул дүүргийг ХҮН-д, Багахангайг Шадар сайддаа өгсөн байна
Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Эхэнд нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр, тогтоолын төслийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Монгол Улсын хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоо зэргийг үндэслэн боловсруулсан талаар тодорхой дурдав. Төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна.
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог
Эдгээр тойргуудыг тогтоохдоо 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийн төвүүдийг бий болгох, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх зорилтуудыг үндэслэл болгосон хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэмдэглэв.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь сонгуулийн тойргийн төвийг хэрхэн тогтоосон, санал тоолох төхөөрөмжөөс хүчингүй саналын хуудас гарах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулахдаа нийслэлийг нэг тойрог болгох боломжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тойргийг бүсчлэх байдлаар тогтоох нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг амилуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, бүсчилсэн хөгжлийг бэхжүүлэх ач холбогдолтойг болон Үндсэн хуульд зааснаар Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл тул сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийг дангаар тойрог болгон хуваарилсан зүйд нийцэхгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд санал өгөх боломжийг бүрэн хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо анхаарч ажиллах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг хангахын тулд сонгуулийн тойргийг томсгож буй нь зөв болох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэж сонгуулийн нэг тойрог болгож байгаа нь бүс нутгийн онцлогтой эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдүүлэх ач холбогдолтой талаар тус тус саналаа илэрхийлжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан, Ч.Хүрэлбаатар, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Д.Өнөрболор, А.Адъяасүрэн, Т.Доржханд нар болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуулт асууж, үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Монгол Улсад урьд өмнө олон жил хийгдэж чадаагүй засаг захиргааны хуваарьтай холбоотой томоохон өөрчлөлтийг улс төрийн арга замаар шийдэх гэж байгаа нь ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тэмдэглээд, иргэдийн санал гээгдэхгүй байх, нэр дэвшигчдээс гарах зардал буурах, олон намын төлөөлөл, шинэ хүмүүс, залуучууд, эмэгтэйчүүд сонгогдох боломж бүрдсэн эсэх талаар асуусан юм. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хариулахдаа, нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулах талаар маш олон дэвшилттэй зохицуулалтыг хийсэн тухай дурдаад, сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр, түүнд ноогдох тоо хэмжээг 50 хүртэл хувиар бууруулж, төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо өмнөх оны гүйцэтгэл болон хэрэглээний үнийн индекстэй уялдуулж тогтоох боломжийг бүрдүүлсэн гэсэн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, сонгогчид мандатын тоотой тэнцүү хэмжээний саналыг тэмдэглэж санал тоолох төхөөрөмжид уншуулна, төхөөрөмжид илүү буюу дутуу тэмдэглэгдсэн саналын хуудас уншигдахгүй тул санал гээгдэх асуудал гарахгүй гэсэн хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан нам бүсчилсэн тойргийн асуудлыг дэмжиж байгааг илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд төрийн өмч, төсвийн хөрөнгөөс хулгай хийсэн хүмүүс томсгосон тойргууд дээр бяртай үзнэ гэж бодож байгаа байх, тэднээс салах цаг болсон гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн үндэстэн угсаатныг үл ялгаварлах тэгш байдлын зарчмыг болон хүний эрхийг ноцтой зөрчинө, энэ бол ялгаварлан гадуурхалт гэсэн юм. Тэрбээр, Сүхбаатар аймгийн иргэд Дорнод, Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг сонгох эрхтэй байхад Баян-Өлгийн сонгогчид Монгол Улсын хөгжил дэвшилд дуу хоолойгоо өргөж чадахгүй, зөвхөн аймаг дотроо нэр дэвшиж байгаа хэдхэн хүмүүсийг сонгохоос өөр аргагүй болж байна гэсэн юм. Түүнчлэн, хүн амын тоо нь харилцан адилгүй, тэнцвэргүй аймгуудыг нэгтгэснээр цөөн хүн амтай аймгууд төлөөлөлгүй хоцрох эрсдэл байгааг тэрбээр хэллээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд түүний асуултад хариулахдаа, Монгол Улс төрийн байгууллын хувьд нэгдмэл бөгөөд Баян-Өлгий аймаг бол нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тогтоолд тусгасан талаар ярьж, Улсын Их Хурлын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийн төлөөлөл биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг элч хүн гэдгийг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен мөн Баян-Өлгий аймгийн асуудлыг хөндөж, тусад нь нэг тойрог болгосон нь Үндсэн хуульд харшлах юм биш биз гэсэн асуулт тавив. Мандатын тоо нь цөөдөөд, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт дутагдалтай болчихвол ОХУ, БНХАУ болон Дундад Азийн улсуудтай холбогдох худалдаа, наймааны зангилаа болсон стратегийн аймгийн хувьд жинхэнэ гадуурхалт болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал тогтоолд тусгасан тойргуудын зарим нь бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдаагүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийг Төв аймагтай нэгтгэж нэг тойрог болгох нь зүйтэй гэсэн юм. Газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймгийн хотын статустай хөгжих гэж байгаа Дархан-Уул аймагтай нийлүүлсэн нь өөрсдөдөө тааруулсан байдалтай харагдаж байна гэж тэрбээр дүгнэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тойргийн хуваарилалт бол шог байна, наймаа явагдаж байгаа нь харагдаж байна гээд, Хан-Уул дүүргийг шууд ХҮН-д, Т.Доржхандад, Багахангайг Шадар сайддаа өгсөн байна гэлээ. Тэрбээр, сонгууль мөнгөжсөн олигархуудын том зодоон болох юм байна, учир нь нэг намаас 10 хүн 10 мандат дээр нэр дэвшлээ гэхэд 10 намаас 100 хүн дэвшиж, 14 хоногт багтааж бодлого шийдвэр, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байхгүй гэсэн юм. Ийм том тойргууд дээр парламентад суудалгүй намууд, бие даагчдаас нэг ч хүн гарч ирэхгүй, залуучууд, эмэгтэйчүүд яаж ч тамираа тасарсан үзээд дийлэхгүй гэж үзэж байгаагаа тэрбээр дурдав.
Мөн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан тойргуудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж байгаа тул дугаарлах гэхээсээ хангайн бүс, говийн бүс, зүүн бүс гэх мэтээр нэрлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж, Улсын Их Хурлын гишүүн бол төр, ард түмний гүүр болж ажилладаг элч төлөөлөгч тул иргэдтэйгээ нүүр тулж уулзаж, санал бодлыг нь сонсож ажиллах шаардлагатайг дурдаад, гурван аймгийг нийлүүлсэн том тойрогт ингэж ажиллах боломжгүй болно гэлээ. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, улс орны хөгжлийг бүхэлд нь, томоор нь харж ажилладаг Улсын Их Хуралтай болох зорилтыг бид Үндсэн хууль болон холбогдох хуулиуддаа тусгасан хэмээн хариулав.
Сонгууль ямар тогтолцоогоор, ямар тойргоор явагдахаас Монголын улс төр ихээхэн хамаардаг хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар онцлоод, томсгосон тогтолцоогоор сонгууль явуулахад улс төр тогтвортой байдал үүснэ гэлээ. Тэрбээр нийслэл Улаанаатар хот баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн дөрвөн тойрогтой байхад хангалттай гэж үзэж байгаа ажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, бүсийн тойргийн энэ зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ шийдвэрийн үр нөлөөгөөр төрийн нэр хүнд, төрд итгэх ард түмний итгэл дээшилж, хөгжил дэвшлийн төлөө хууль эрх зүйн шинэчлэл хийх нөхцөл бүрдэнэ гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тойрог тогтоосон зарчим, тойргийн төвүүдийг хэрхэн тогтоосон талаар хөндөж, эдгээрийг шийдвэрлэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогодоо уялдуулах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг томсгосон тойргийг дэмжи байгаагаа илэрхийлээд, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гишүүд улс төрийн манлайлаад үзүүлж, Сэлбэ дэд төвийн бодлогодоо нэгдэж ажиллая хэмээн уриалав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хүн ам, хөгжлийн голлох үзүүлэлтүүд тааруу байгааг дурдаад, энэ бүхэнд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийн нэг нь сонгуулийн тогтолцоо гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс цаашдаа яаж хөгжих вэ гэвэл, сонгуулийн 100 хувь пропорциональ тогтолцоотой болох ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа хэлээд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд дөрвөн аймаг нэг тойрог болоход Говь-Алтай төлөөлөлгүй үлдэх магадлалтай байна гэсэн юм. Тэрбээр, энэ сонгуулийн тойргийн энэ зарчмаар явна гэвэл 2-3 сонгууль дамжуулж, тогтвортой үргэлжлүүлэх учиртай гэж үзэж байгаагаа хэлэв. Түүнд хариулт өгөхдөө Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, 1992 оноос өнөөг хүртэлх Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулийн хугацаанд тойргийн тогтолцоог зургаан удаа өөрчилсөн гэсэн бол тус хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Батэрдэнэ, сонгуулийн тойргийг томруулж байгаатай холбоотойгоор сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Улс орны урт хугацааны бодлого, хөтөлбөр, тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд сонгуулийн тойргийг томсгож байгаа энэ шийдэл ихээхэн чухал алхам болно хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор онцолж, өнөөгийн энэ тэгш бус байдал, авлига, хээл хахууль, баян ядуугийн ялгаа газар авсан, асуудлуудыг гал унтраах байдлаар шийдэж, үнэн бодит байдлаас зугтаж ирсэн байдлыг энэ тогтолцоо засаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улс төрийн намууд, нэр дэвшигчдэд тавих ёс суртахууны босгыг өндөрсгөх, гэрээ байтугай зарим биеэ ч засаж чадаагүй хүмүүс улайм цайм өлөнтөж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банкыг цөлмөж, нүүрсний хулгай зэргээр ард иргэдийн боломжийг хулгайлсан асуудлыг бид шийдвэрлэж чадаагүй байна гээд, улс төрийн намууд өндөр хариуцлагатай, ёс зүйтэй байж төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх шаардлагатайг дурдан, томсгосон тойргийн асуудалтай намын жагсаалтын зарчмуудыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
Түүний дараа Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн үг хэлж, том тойрогтой ч үгээгүй ядуу улсууд олон бий, иймд асуудлын гол нь тойргийн хэмжээнд биш, төр барьж байгаа хүмүүсийн тархинд байгаа гээд, эрх баригчид биднээс хулгайлж болох бүгдийг хулгайлсан атлаа эцэст нь ямар ч эрх мэдэлгүй ачаа зөөж амьдардаг хүмүүс рүү хулгайгаа чихэхийг оролдож байна хэмээн мэдэгдлээ. Сөрөх ёстой намууд нь эрх баригчдынхаа тулгалтыг алгаа тосоод хүлээж авдаг арчаагүй улс төр нэгэнт тогтжээ хэмээн тэрбээр өгүүлээд, эрх баригчид Үндсэн хуульд үндэс угсаагаар ялгаварлахыг хориглосон заалтыг, үндэсний эв нэгдлийг хангах заалтуудыг зөрчиж байна гэсэн юм. Тогтоолын төслийг тэрбээр эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Монголын ардчилалд цэг тавиулахгүйн тулд тэмцэнэ гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд дэлхийн улс орнуудын тал нь авторитар дэглэм рүү хальтирч байгаа тухай ярьж, ардчиллыг хамгаалдаг зүйл бол парламентын ардчилал болохыг онцлоод, иргэд талцал хуваагдлаа эцэс болгохыг хүсэж байна гэв. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулмаар байна, арьс ширний үйлдвэрүүд, толгой, цувдай ангилах цехүүдээ баримаар байна, бэлтгэн нийлүүлэлтийн төрөлжсөн кластер байгуулмаар байна гэж иргэд хүсэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд дурдаад, иймд бүгдээрээ бүс нутгийн түвшинд зах зээлээ үүсгэе, хөгжье, өөр өөрсдийнхөө намын эрх ашгийг хажуу тийшээ тавья, энэ бол 30 дугаар асуудал гэлээ. ХҮН сонгуулийн таван бүстэй байя, Улаанбаатар хотыг нэг бүс болгоё гэсэн саналтай байсныг тэрбээр хэлээд, зөвшилцлийн эцэст өнөөдрийн дундын хувилбарыг хүлээн зөвшөөрсөн гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс бол нэг засаглалтай, нэгдмэл улс. Бид үндэстэн ястнаар хуваагдаж болохгүй. Тиймээс Баян-Өлгий аймгийг салгаж нэг бүс болгож байгаа юм шиг буруу ярьж болохгүй. Тус аймаг харин ч бүс нутгийн интеграцчилалд орж, бүсийн хөгжлийн бодлогод хамрагдаж явах ёстой гээд, бид 48 гишүүнийг сонгох жагсаалтад хүн амын бүлгүүд, үндэстэн, ястан бүрийн төлөөлөл орох боломж бийг дурдаад сонгуулийн тойргийн асуудалд нэг Монгол гэдгээ санаж, улс суурьтай хандахыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалав.
Түүнчлэн тэрбээр, Улсын Их Хурал өнөөдөр улс орны хөгжлийн том бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уялдуулсан маш том шинэчлэлийг хийж байна хэмээн онцлон тэмдэглээд, Дархан, Сэлэнгийн районд Дархан хот, Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн районд Орхон хот, Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, говийн бүсийн тулгуур төв Даланзадгад хот, түүнчлэн Аж үйлдвэрийн парк Сайншанд хот, аялал жуулчлалын Чингис хот гэх мэтчилэн бүс нутгийн хөгжлийн төв хотуудыг бий болгож байж 30 жилийн алдааг засаж, бүс нутгийн интеграцчилал, хөгжлийн том бодлогын эхлэлийг тавина гэлээ. Улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл харилцан хамааралтай учир бүсийн буюу мужийн захирагчдыг томилдог байх ёстой. Энэ бүсчилсэн хөгжлийн бодлогоор бол мужийн захирагч нь нэгдмэл улсын бодлогыг хангасан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч байх учиртай. Энэ хүн сайдын ранктай байж, тухайн бүсийнхээ аймгуудын хөгжлийн нэгдсэн бодлогыг хангана. Дархан, Эрдэнэт, Ховд гэх мэт хотууд улсын чанартай хот боло хөгжсөнөөр ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж, төвлөрлийг сааруулж чадна гэсэн юм.
Том зургаар харж байж бид хөгжихөөс бус жалга дов, нэг нам гэсэн жижигхэн, хагархай цонхоор харж хөгжихгүй. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэрэгжүүлж улсын реформын цоо шинэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улс төрийн намуудын дарга нар нэгдэж, санамж бичиг гарын үсэг зурж. нэг Монгол, нийтлэг эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг гүнээ ойлговол зохино гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь дэмжив. Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосноор уг тогтоол батлагдлаа. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт, Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно гэж заасны дагуу ээлжит сонгуулийг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна гэж заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн дээрх хуулийн 9.3 дахь хэсэгт, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн, гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тусгасан байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, ээлжит сонгуулийн санал авах өдөр болон гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрүүд хоорондоо уялдах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, гадаад улсад байгаа иргэдийн нөхцөл байдлыг харгалзан санал авах өдөр болон цагийг уртасгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, бүсчилсэн тойрог бүхий пропорциональ тогтолцоогоор зохион байгуулагдаж байгаа анхны сонгууль тул техникийн болон тогтоолын төсөлд заасан хугацаанд зохион байгуулах боломж бүрэн байгаа эсэх, мөн гадаад улсад ямар хэлбэрээр иргэд санал өгөх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нэр дэвшигчдийн нэрс саналын хуудсанд хэрхэн бичигдэх, мөн сонгуулийн санал авах өдөр баасан гараг байх нь сонгогчдын ирцэд нөлөөлөх эсэх талаар асуулт асууж, хариулт авсан тухай байна. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгадаа дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, сонгуулийн өдрийг баасан гаригт буюу дараалсан хоёр амралтын өдрийн өмнө гурав дахь амралтын өдөр болгоод тавьчихаар иргэд, сонгогчид хөдөө гадаа, амралт аялал гээд явчихна, иймд 2024 ны зургадугаар сарын 26-ны Лхагва гаригаар товлоё гэсэн санал дэвшүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь нар дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь санал гаргаж, бүртгэлийн программ болон сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулгаж шалгах ажлын хэсгийг томилж ажиллуулах нь зүйтэй гэв. Гишүүдийн дээрх саналуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй сонгуулийн тов тогтоох асуудлаар гурван хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. Гэвч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг асуудал хуулийн хугацаатайг сануулж, нэг хоногийн завсарлага өгөв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын гишүүн тогтоолын төсөл байлаа. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасаүрэн танилцуулав. Тогтоолын төсөлд, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна. Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, саналын хуудсанд бичигдэх нэр дэвшигч, нам, эвслийн дараалал, хэлбэр болон "New Image Cast" санал тоолох төхөөрөмжид тавигдах хяналтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн санхүүжилтээр хийгдэхээр төлөвлөгдсөн төхөөрөмжтэй холбоотой ажлуудын талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, сонгуульд саналаа цахимаар өгөх, мөн саналын хуудсыг хүчингүй болгохоос сэргийлж газар дээр нь хянах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал тоолох төхөөрөмжийн дүн болон гар тооллогын дүн зөрдөггүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь саналын хуудасны хүчинтэй байдалд анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн техникийн зохион байгуулалтад анхаарах, мөн хүн ам ихтэй тойргуудад сонгуулийн хэсгийн хороодын тоог нэмэгдүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах талаар саналаа илэрхийлсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат санал тоолох төхөөрөмж дэх програм хангамж, хурууны хээ уншигчийн найдвартай байдлын талаар хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал 2008 оны долугаар сарын 1-ний хэрэг явдал сонгуулийн хар машинтай холбоотойг сануулаад, програм хангамжаа шинэчилж, хяналтын камерын хүрэлцээ, бэлэн байдлыг хангаж, машины болон гар тооллогыг сайтар зохион байгуулахыг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, саналын хуудсанд тэмдэглэсэн мандатын тоо зөрвөл хар машин буцаж гаргаад, тухайн сонгогчоор дахин санал өгүүлнэ гэсэн тайлбарыг Сонгуулийн ерөнхий хорооны тайлбарыг дахин нягтлахад тус хорооны Мэдээллийн технологийн төвийн Техник хангамж, засвар үйлчилгээний төвийн референт А.Банзрагчдорж, сонгогч дахин нэг удаа саналын хуудас шинээр нөхөж авах боломжтой гэсэн хариулт өгөв. Сонгогч мандатын тоог зөрүүлж тэмдэглэсэн алдааг засуулах боломжтой тул төхөөрөмжөөс хүчингүй саналын хуудас гарна гэсэн ойлголт байхгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж сонгуулийн санал тоолох машинд ямагт итгэж байсан гэдгээ илэрхийлээд, харин сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэрэглэх боломжгүй нууц кодтойгоор санал хураалт болохоос гурван хоногийн өмнө өгсөн 2020 оны сургамжийг ярьж, ийм асуудал дахин гаргуулахгүй байхыг санууллаа. Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төслийн талаар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын тогтоолыг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь дэмжив. Ингэснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.