Г.ГАНБОЛД: Ковидын үед нэг машин 27 км газарт 100 саяар нүүрс тээвэрлэдэг байсан байна
Өнөөдөр нүүрсний хянан шалгах хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд гэрч нараас "Биднийг нүүрсний хэргийг шалгаад явж байхад энэ С зөвшөөрлийн ханш нь өсөөд 5 сая байснаа 10 сая болоод байхад нь гайхаад байсан. Гэтэл энэ нь компаниудад зөвшөөрсөнтэй холбоотой юм билээ. Компаниуд авсан С зөвшөөрлөө үнэ хаялцуулан зардаг. Энийг цаашид яах вэ. Өнөөдөр энэ дээр АТҮТ-ийн удирдлагууд анхаармаар байна.
Нүүрсний гол хулгайн бас нэг зүйл нь Ковидын үед Норинко, Чалко хоёрын 100 машин өдөр шөнөгүй явж байсан. Тэр шийдвэрийг хэн гаргасныг асуумаар байна. Нэг машин 27 км газар явахдаа 100 саяар явж байсан. Тэр шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндээс нүүрсний хулгай яригдана" гэлээ.
Асуултанд АТҮТ-ийн хэлтсийн дарга н.Айдос хариулахдаа "Би энэ талаар сайн мэдээлэлгүй байна. Ковидын үед нүүрс тээвэртэй холбоотой асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал батлагдаад боотмын захиргаа, зөвлөл байгуулан ажиллаж байсан. С зөвшөөрлийг Боомтын зөвлөлөөс хэнд олгох эсэхийг шийдвэрлэж ирсэн. Боомтын зөвлөлөөс ажлын хэсэг гараад битүүмжилсэн тээврийн багтай хамтран халдвар хамгааллын асуудлыг хянаж, зохион байгуулдаг байсан. Зөвшөөрлийг мөн хариуцдаг байсан. Ковидын үед ингэж л явсан" гэлээ.