Б.Баттөмөр: Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү, жинхэнэ хулгайч нараа зарла
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
Энэ удаад УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн анхны хэлэлцүүлгийг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Үүнээс хоёр хоногийн өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Түүнд УИХ-ын таван гишүүн багтсан. Тэдгээр болоод УИХ-ын бусад гишүүд нүүрсний хулгайтай холбоотой байр суурийг тус чуулган дээр илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар “Жинхэнэ хулгайч нараа зарла”, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Жинхэнэ хулгайчдаа зарла”, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Жинхэнэ нүүрсний хулгайчдаа зарла”, “...“Меланж” нүүрсний уурхайг шалга”, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хамаарал бүхий “УИХ-ын гишүүд”-ыг шалга” гэсэн лоозонг ширээн дээрээ байрлуулсан байв. Чуулганы хуралдааны тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хэлэлцэх найман асуудал байнаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нэн яаралтай горимоор хэлэлцэнэ. Хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.
Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.
Дөрөвдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл.
Тавдугаарт, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл.
Зургаадугаарт, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл.
Долоод, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.
Наймд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл. Эцсийн хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.4-т гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гарах бол УИХ-ын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17:00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Н.Наранбаатар, С. Одонтуяа, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ц.Анандбазар, Н.Ганибал, Ц.Сэргэлэн, Ж.Батсуурь нараас бичиг ирүүлсэн байна. Нийт 11 гишүүн үг хэлэх зөвшөөрөл хүссэн юм байна шүү. Хамгийн эхэлж Пүрэвдорж гишүүн үг хэлнэ гэсэн. Пүрэвдорж гишүүн асуудал нэмэх горимын саналаар үг хэлэх зөвшөөрөл олгоно уу гэсэн байна. Ингээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн үг хэлнэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнөөдрийн МАН долоон жилийн турш эрх барьсан. Үнэмлэхүй олонх байсан. Бүх шатанд төр барьж, бүх хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, концесс, Хөгжлийн банк, нүүрсний асуудал гээд бүх юман дээр бид нар ариухан цэвэрхэн энэ сөрөг хүчин л муухай гэж ярьдгаа хэзээ болох юм бэ.
Энэ хугацаанд АН-ынхан бүгдээрээ л гудамд байсан. Тэр хүмүүсийг шалгаад шилийг нь харахгүй яасан юм. Зөндөө шалгасан, юу ч гараагүй биз дээ. Тэгээд хоёр жилийн туршид би энэ Гашуунсухайтын хулгай луйврын асуудлыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй бүх зүйлийг ярьж байхад яагаад өнөөдрийг хүртэл энэ дээр хяналт тавиагүй юм бэ.
Нүүрс бүртгэлгүй гараад байдаг юм бол тэнд нь хяналт тавиагүй Хилийн цэргийн, Хилийн тагнуулын газрын даргатай хариуцлага тооц л доо. Нүүрсний машиныг бүртгэлгүй гаргаж байгаа тэр хилийн цэргийн даргадаа хариуцлага тооц л доо. Бүрдүүлэлт хуурамчаар хийхэд тэрэнд хяналт тавиагүй гаалийн даргадаа хариуцлага тооц. Намайг Ганхуяг хоёр удаа цагдаад өгсөн. Би цагдаад энэ гэмт хэргийн талаар тодорхой мэдээллийг бүгдийг нь өгсөн. Энэ мэдээллийн мөрөөр ажиллаагүй тэр цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Мэргэжлийн хяналтын тэр хилийн хяналтын албаны даргадаа хариуцлага тооц. Бөмбөлгийг будилуулж авлигал авдаг Халдвартын эмч нарт хариуцлага тооц.
Дарга нарт нь хариуцлага тооц. 120 саяар тээвэр хийж байхад тэндээс нь тэр дүнгээс татвар аваагүй татварын байгууллагын даргадаа хариуцлага тооц. Тэгээд хамгийн эцэст нь хамгийн үл бүтэх нэг хулгайч байгаа. Тэр бол Авто тээврийн үндэсний төвийн дарга. 2016 онд С зөвшөөрлийг хилээр гардаг машин болгон зүв зүгээр авдаг зүгээр цагаан цаас байсан юм. Энийг авлигын схем болгож улиралд жолооч болгон хоёр сая төгрөгийн авлигал төлдөг болгосон.
Энэ схемийг бий болгосон тэр Авто тээврийн үндэсний төвийн даргадаа яагаад хариуцлага тооцож шоронд хийхгүй байгаа юм бэ. Тэгээд өнөөдөр өөрсдийнхөө гар хөлд бүгдэд нь хариуцлага тооцохгүй байж байж тэр нэг олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр БНМАУ-ын хуулиар БЭТ томилоод явж байна. Өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооц гэж МАН-ын эрх баригчдаас, Засгийн газраас, энэ парламентаас шаардаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Одоо УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуудал нэмэх тул зөвшөөрөл олгоно уу гэсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Сүүлийн үед Монгол Улсын цаашдын хөгжил дэвшилд хэрэгтэй энэ төрийн өмчийн хууль төрийн болон орон нутгийн өмчийн хууль, Шүгэл үлээгчийн хууль гээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гээд шаардлагатай хуулиуд орж ирж байна аа. Энийг бол дэмжээд батлаад явах нь дээр. Энэ дээр нэмэх нь энэ хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуульдаа орлого, зарлагыг нотолдог юмнуудаа бас оруулж ирэх нь зүйтэй. Ерөнхий сайд мэдээлэл хийсэн байна лээ.
Бид нар ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хөгжсөнгүй ээ. Эдийн засгийн өсөлт байхгүй. Өгөөж байхгүй. Нэг хүнд ноогдох өрөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын 42 хувь нь ядуурчихсан. Үйлдвэрлэл байхгүй хэрэглэгч улс болсон. Экспорт, импорт аль тал нь Орос, Хятадаас хамааралтай болчихсон.
Мянган хүнд ноогдох халдварт өвчний тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын 60 хувь нь 0.03 хувьд ирээд нэг лист дээр бөөгнөрчихсөн. ОУВС-ийн хөтөлбөрт зургаан удаа орсон. Долоо дахь удаагаа орох магадлал өндөр. Дотооддоо бол бүрэн бараг дефолт болчихсон байгаа. Гадна талдаа дефолт болох магадлал өндөр. Түгжрэл утаа гээд ингээд ярих юм бол бидэнд маш их асуудал бөөгнөрчихсөн байна. Нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд оногдож байгаа юм байна. Энэ бол энийг олон улсад олигархижсан загвар юм. Энийг бол бид бий болгосон байна. Гэтэл газар дээрх болон доорх баялгаараа Монгол Улс дэлхийд эхний 10- т ордог.
Яагаад хөгжихгүй байна гэхээр энэ хөгжихгүй байгаа шалтгааны нэг бол энэ хулгай. Сүүлийн гурван жилдээ энэ хулгайтайгаа тэмцээч ээ. Далд эдийн засагтайгаа тэмцээч ээ гээд хангалттай ярьсан. Тэгтэл байхгүй. Жагсааж байж нэг баахан юм болж байж хэдэн хүн барьж хориод хэрэгтэй, хэрэггүй хэдэн улсуудын нэр зарлаад байна л даа. Бид үндсэндээ энэ 30 жилийн хугацаанд Монгол Улс, энэ Монголын төр, Монгол Улсаа удирдаж чадсангүй.
Энэ илэрч байгаа. Хулгай бол бүүр гаарч байгаа. Энэ Тавантолгой гэдэг энэ хулгайн үүр болсон газар байгаа. Удирдаж байсан хүмүүс нь бүгд шоронд ордог. Эсвэл гадаад зугтдаг. Хуулийн байгууллагаар шалгагддаг. Сая АТГ-аас таван хүний нэр зарласан. Энэ таван хүний нэр зарлаад их мундаг юм хийчихлээ, ингээд жагсаалыг тараачихна гэж байвал горьдсоны чинь гарз шүү. Энийг өнөөдөр хэлчихье. Жинхэнэ хулгайч нар нь цаана нь үлдчихлээ энэ хэдэн жараахайгаар тоглож байна. Тэр тулууд нь цаана нь хэвтэж байна гээд энэ гадаа жагсаж байгаа улсууд чинь бүгд хэлж байна шүү дээ. Энэ таван хүн бид нар уулзаж ярилаа, ямар хамааралтай юм бэ гэсэн хамаарал байхгүй. Тэр Тавантолгой гэдэг газрыг юу ч нийлүүлж байгаагүй. Нүүрсэнд оролцоогүй. Нүүрс худалдаж аваагүй. Тээвэр явуулаагүй. Яах вэ бид нар бол дарга нарт долигонож гүйдэггүй. Хов хор хутгаж гүйдэггүй. Өөрийн бодлоороо ажлаа хийгээд явдаг энэ таван хүнийг л хаяж өгч байгаа юм байна л даа. Ингэхгүй ээ, бид ч гэсэн адилхан хүн, шаардлага гарвал гадаа гарч тэмцэнэ ээ. Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж бол байхгүй шүү. Хулгайч нараа зарла, энэ ингээд биччихсэн байгаа юм. Жинхэнэ хулгайч нараа зарла, жинхэнэ хулгайч нараа зарла. Тэр гаалийн нэг байцаагч хилийн цэргийн офицер бол тэр 2600 машиныг бол гаргачихна гэж байхгүй шүү.
Том том эрх мэдэл бүхий улстөрчид энд оролцсон байгаа. Энийг би хэлэх гэж байгаа юм. Би бол амьдралдаа хулгай хийж үзээгүй. Өнөөдөр би маш олон юугаар хэлсэн. Тэгэхдээ өнөөдрийн энэ чуулганы танхимд та бүгдэд хэлчихье. Хийж чадах ч үгүй би. Яахаараа би хулгайч болчихдог юм. Энийг би хэлье. Жинхэнэ хулгайч нар зарла гэдгийг хэлье ээ.
Энэ оффтейк гэрээ ил болсон нь сайн байна аа. Өчигдөр АН-ын бүлгээс энэ ҮАБЗ-ийн хурал, Засгийн газрын хурлын шийдвэрийг ил болго гэсэн шаардлага тавьж байна. Энийг дэмжиж байна. Ил болгоё. Энэ Тавантолгойн хулгай хийсэн энэ удирдах албан тушаалтнуудыг ямар шалгуураар тавьсан юм. Хэн тавьсан юм бэ. Томилгоонд нь хэн нөлөөлсөн юм бэ. Энийгээ ил тод болго. Хулгай хийсэн хүмүүст энэ хариуцлагыг чангатгая л даа. Улсын сан хөмрөгөөр дамжиж ард түмэнд ирэх ёстой мөнгө хэдхэн хүний карманд орж байгааг шууд хулгай гэж хэлнэ. Энэ бол өнөөдөр эх орноосоо урвасантай тэнцүү хэмжээний ийм гэмт хэрэг шүү. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулна гэж байгаа юм. Их мундаг засаглал сайжраад ил тод болоод ашгаа өгтөл хугацаа шаардана. Хамгийн эхний ээлжид хулгай хийдэггүй, хулгайгаас ангид, улс төрчдийн гал гар хөл болдоггүй ийм цэвэр шударга хүмүүсээ одоо Засгийн газар энэ ХК-ууддаа тавих хэрэгтэй. Тэгж байж үр дүн гарна. Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой”-д энэ гарсан хулгай Засгийн газар хяналт тавьж чадаагүй.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин