БАЙНГЫН ХОРОО: Хотын дарга Х.Нямбаатарын “Төлбөртэй бүс“ байгуулах хуулийн төслийг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын долоон байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана.
Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл, Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын мэдээлэл сонсох юм.