Н.Ганибал: Манай эмч нар чадвартай. Гадагш алдсан мэргэжилтнүүдээ татахад сангийнхаа мөнгийг зарцуулбал илүү үр дүнтэй
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Манай улсын эмч, сувилагч нар чадвартай. Харамсалтай нь чадвартай, чадалтай боловсон хүчнүүдээ бид гадагш алдаад, том урсгал явуулчихлаа. Эдгээр мэргэжилтнүүдээ татаж авах тал дээр сангийнхаа мөнгийг зарцуулбал илүү үр дүнтэй.
Манай гэр бүлийнхэн бүгд Монголдоо эмчлүүлдэг. Эрт илрүүлэг оношилгоонд байнга ордог. Манай аав одоо 90 нас хүрч байна. 90 нас хүртлээ Монголынхоо эмч нараар эмчлүүлж, энэ хүмүүсийн хүчинд 90 хүрлээ гэж би ойлгодог. Ганц нэг удаа гадаадад очиж, эргэлзээгээ тайлах байдлаар үзүүлж байсан. Гэхдээ яг л манай эмч нарын хэлдэг оношийг хэлдэг.
Бид өнөөдөр байгаа боломжоо ашиглаж, орчныг нь сайжруулж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлмээр байна. Боловсон хүчнүүдийнхээ гадагш явж байгаа урсгалыг болиулж, магадгүй гадаадаас эмч нар татаж оруулах тал дээр ажиллах хэрэгтэй." гэв.