Ц.Сандаг-Очир: Ялын бодлогыг чангаруулж байна гээд хүний эрхийг хэт хязгаарлаж БОЛОХГҮЙ
УИХ дахь МАН-ын бүлгээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтуудыг дэмжсэн. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улс төрийн албан тушаалтны авлигын хэргийг өршөөхгүй гэж орсон. Өмнө нь бэлгийн хүчирхийлэл, хүний амь насыг санаатай бүрэлгэх зэрэг хэрэг магадлангаар орж, суллагдах боломжтой байсан юм уу?
-Засгийн газраас өргөн баригдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “бага насны хүүхдийн амь насыг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үзүүлэх” гэмт хэргээс гадна эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой ялыг чангатгахаар бүхлээр нь оруулж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих заалтуудыг нь хэвээр үлдээж, зарим хүний эрхийг хэт хязгаарласан заалтуудыг хассан.
"Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд авлига, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий хүмүүсийг хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар тусгасан"
Тухайлбал, Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар авлига, албан тушаал, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт ял авлаа гэхэд ялынхаа тодорхой хугацаа буюу 50-иас дээш хувийг эдэлсэн тохиолдолд прокурор, шүүхийн байгууллагаас магадлангаар оруулаад энэ хүн хэр сайн сахилга баттай байв, хэр сайн хүмүүжив гэдгийг нь үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг нь сонсоод хугацаанаас нь өмнө магадлангаар сулладаг байсан. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар ялыг нь чангаруулж орж ирсэн.
Гэхдээ ялыг чангатгах заалт дээр 22 дугаар бүлгийг бүхэлд нь оруулаагүй. Учир нь байгууллагын нярав, нягтлан нар авлига, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогддог. Эдгээр хүмүүс улс төрд нөлөөгүй хэдий ч тухайн үеийн удирдлагууддаа чирэгдээд насан туршдаа хоригдох тохиолдол бий. Тиймээс нэмэлт, өөрчлөлтөөр улс төрд нөлөө бүхий хүмүүсийг нь онцолж, магадлангаар оруулан хугацаанаас нь өмнө суллахгүй байхаар хуулийн төслийг дэмжээд явуулж байгаа.
Ер нь дэлхийн улс орнууд ялын бодлогоо сулруулж байхад манайх улам чангаруулаад байдаг. Амьдрал дээр ялын бодлого гэмт хэргийн гаралтыг бууруулахад нөлөөлж чадаж байна уу?
Ажлын хэсгээс шүүх, прокурор, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг мэргэжлийн байгууллагуудтай дэлхийн улс орнууд ялын бодлогоо сулруулж байхад эсрэгээрээ манайх чангаруулж байгаа нь хэр зохистой вэ гээд тал талаас нь санаа бодлыг нь сонсож, хэлэлцсэн. Үүн дээр эрх зүйн онолын хувьд маргаантай асуудлууд байдаг. Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуульд хамгийн хүнд ял буюу 20,25 жил хорих ялын хэмжээг тав, таван жилээр нэмэгдүүлж байгаа. Засгаас орж ирсэн энэ заалтыг УИХ дахь МАН-ын бүлэг олонх нь дэмжсэн учраас өргөн барьснаар нь дэмжээд явна.
-Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг дээр ялын бодлогыг улам чангаруулах шаардлагатай гэж иргэд үзэж байна. Нөгөө талдаа ялын бодлогыг чангаруулбал хохирогч талд илүү хор хөнөөлтэй ч гэж үзэх хэсэг байна. Энэ тал дээр ямар заалтууд дэмжигдсэн бэ?
-Олон улсад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн ял чанга байсан ч энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байгааг судалгаагаар тогтоогдсон. Манай улсад ч гэсэн энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Ажлын хэсгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг авч үзэхдээ бага насны хүүхдийг 14 нас хүртэлх гэж үзэх үү, 16 нас хүртэлх гэж үзэх үү гэдгээс эхлээд асуудлуудыг авч үзэж байна. Харахад хоёрхон насны зөрүүтэй хэдий ч амьдрал дээр маш том ялгаатай. Засгийн газраас өргөн барьсны дагуу ялын дээд хэмжээг тав, таван жилээр нэмэгдүүлэхээр дэмжигдсэн.
Энэ удаад эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд цөөн зүйл, заалтад өөрчлөлт орж байгаа мэт боловч агуулга, хамрах хүрээгээрээ маш том өөрчлөлтүүд орж байна.
-Засгийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шууд эрүүгийн хэрэг гэж үзэн хорих санкцтай оруулж ирснийг МАН-ын бүлэг яагаад өөрчилсөн бэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ зөрчлийн хуулиар нэг жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхээ хасуулаад торгуулаад өнгөрдөг байсан. Торгуулиа төлөхгүй байх, эрх хасуулсан ч нууцаар машин бариад явах тохиолдол их байдаг. Гэхдээ үүний хор уршгаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт тасралтгүй өссөөр байгаа учраас ялын бодлоготой холбоотой гэж үзэж байгаа юм. Иймд Засгийн газраас зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулдаг байдлыг эрүүгийн хуулийн хариуцлагаар шийтгэдэг байя гэсэн өөрчлөлтийг оруулж ирсэн.
Ажлын хэсэг энэ заалт дээр нэг талдаа хэтэрхий чанга байна гэж үзсэн. Хөдөө, орон нутагт айргаа уугаад жолоо бариад явах тохиолдол гардаг. Шинэ өөрчлөлтөөр шууд хорих ял оноовол эхнэр, нөхрийн аль нэг нь дангаараа тэр хугацаанд амьдралаа залгуулах болно. Нийгэм, эдийн засгийн бүтээмжид нөлөөлнө, нөгөө талдаа энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой. Мэдээж ажлын хэсэг дээр юу уух нь сонин биш согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн бол жолоо барихгүй байх дээр санал нэгдсэн.
Тиймээс орж ирсэн заалтыг нэг шатаар сулруулж, эхний удаад жолоодох эрхийг нь 1-3 жилээр хасах, торгох ялыг нэмэгдүүлэх эсвэл 7-30 хоног баривчлах зэрэг заалтыг оруулж ирсэн. Харин хоёр дахь удаагаа энэ үйлдлийг давтвал эрүүгийн хуулиар шийтгэдэг байх өөрчлөлт орж байгаа.
Энэ хууль батлагдаад л шууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг буурахгүй л дээ. Гэхдээ тодорхой үр дүнд хүрнэ гэж харж байна. Монгол Улсын иргэн бүрд хамаатай өөрчлөлт болж байна.
Торгуулах шийтгэлтэй ч торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд ямар зохицуулалт хийгдэх вэ?
Үүнээс гадна эрүүгийн хуулийг дагалдуулан хэд хэдэн хуульд өөрчлөлт орохоор байна. Үүний нэг нь зөрчлийн хууль. Торгох шийтгэл нь хэрэгжихгүй байгаа тохиолдол их байна. Одоогийн байдлаар 88 тэрбум төгрөгийн торгууль бичигдчихээд төлөгдөөгүй байна. Хэдэн саяараа торгуулийн шийдвэр бичигддэг. Энэ торгуулийн шийдвэрийг хэрэгжүүлдэг байх хөшүүрэг хэрэгтэй гэж үзэж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн өөрчлөлтөд торгууль төлөхгүй бол төрийн албанд ажиллуулахгүй байх, гадаад паспортын виз мэдүүлэх эрхийг хязгаарлах, тендерт оруулахгүй байх зэрэг хязгаарлалтыг оруулж ирсэн.
Энэ нь хүний эрхийг хэт хязгаарласан асуудал гэж мэргэжлийн байгууллага зөвлөсний дагуу ажлын хэсэг дээр ярьж байгаад зөвхөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой л асуудал буюу жолооны үнэмлэх авах, үнэмлэхээ сунгуулах, тээврийн хэрэгслээ шилжүүлэх зэрэг үйлчилгээн дээр эрхийг нь хязгаарлах зохицуулалт оруулсан. Өөрөөр хэлбэл бид давхар давхар хариуцлага оноож, яллах ёсгүй.
-Өнгөрсөн жил эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Ойр ойрхон өөрчлөлт оруулахаар үр дүн нь мэдэгдэж байна уу?
-ФАТФ-аас Засгийн газар, УИХ-д өгсөн зөвлөмжийн дагуу 2020-2024 оны хууль эрх зүйн орчин, гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг оновчтой болгох заалтын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Ингээд авлигатай тэмцэх асуудлын хүрээнд өнгөрсөн жил Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт байгаа авлига албан тушаалын гэмт хэрэгт үүрүүлэх ялын бодлогыг чангаруулсан. Бид ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ажлаа хийж байгаа. Өнгөрсөн жил Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар ФАТФ-т ажлаа тайлагнасан. ФАТФ-аас өгсөн 30 зөвлөмжийг бүгдийг нь хэрэгжүүлсэн гэж үнэлсэн байсан. Энэ нь нөгөө авлигын индекс, улс орны зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөөд явна.
Энэ жилийн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 3-4 төрлийн гэмт хэрэгт холбогдох ялыг чангалахаар орж ирсэн. Ер нь бид ялын бодлогыг чангалаад л байгаа.
-Сүүлийн үед НӨАТ-ыг таван хувь болгох асуудал их яригдаж байна. Ажлын хэсэг байгуулагдчихсан байгаа. Таны хувьд НӨАТ-ын буцаан олголтыг шууд таван хувьд болгоход дэмжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?
- НӨАТ-ын буцаан олголтыг шууд эсэргүүцсэн зүйл байхгүй. УИХ-ын дарга НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэх саналыг анх гаргасан. Иргэд саналыг дэмжиж 7 хоногийн дотор 100,000 цахим санал өгсөн байсан. Нэг талаас иргэд улс төрийн ажил, хэрэгт шууд оролцож, оролцоотой байгаа нь сайн хэрэг. Гэтэл нөгөө талдаа манай улс ирэх жил гэхэд 25 их наядын төсөв бүрдүүлнэ, үүний 90 хувь нь татвараас бүрдүүлнэ гэсэн тооцооллыг сангийн яам гаргасан байна лээ. Гэтэл нийт бүрдүүлэх татварын 30 хувь буюу 6,5 орчим их наяд төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлдэг. Энэ дүнг харахад НӨАТ нь улсын төсөвт маш чухал хэсгийг эзэлж байна. Татвар бол улс орны аюулгүй байдал. Үүгээр бид хамаагүй оролдож болохгүй. Одоо ирэх оны төсөв багцлаад ороод ирсэн энэ цаг үед шууд энэ их хэмжээний эх үүсвэрийг хаанаас гаргах нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд тохиромжгүй байгаа юм.
Монгол Улсын хувьд татварын хувь хэмжээгээрээ өндөртөө ордоггүй. Дэлхийн 176 орон НӨАТ-ыг буцаан олгодог. Гэхдээ дээрх орнуудаас манайх шиг бүх худалдан авалт болгонд и баримт олгож, буцаан олголтыг олгодог улс нэг ч байхгүй. Бүгд салбар, худалдан авалтын төрлөөр хэсэгчилж буцаан олголтыг олгодог. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг бууруулна гэж санал гаргасан тал үзэж байгаа. Далд эдийн засгийг үндсэндээ бүрэн арилгасан улс бол БНХАУ. Бүрэн цахим төлбөрийн систем нь тухайн хүн орлого, зарлагаа хянах боломжтой болж байна. Манай улс ч мөн далд эдийн засгийг ил болгох хэрэгтэй.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болговол иргэд хэр хэмжээний зөрүүг нэмж гар дээрээ авах талаар тооцоолол байдаг юу?
Манай улсад 1,3 сая хүн НӨАТ-ын буцаан олголтыг авдаг. Түүний 90 хувь нь 80 мянга хүртэлх төгрөгийг буцаан олголтоор авсан байна. 2000 хүн хоёр саяас дээш буцаан олголтыг авсан байна.
Хэдийгээр НӨАТ-ын буцаан олголт гэж ярьж байгаа хэдий ч хэн их худалдан авалт хийнэ тэр хүн л их мөнгө авч байна. Өнөөдрийн хоолоо яая гэж байгаа ард иргэдэд гурван хувийн зөрүү их өгөөж болж чадах уу гэдэг асуудлыг байнгын хороон дээр яригдсан.
Өнөөдөр НӨАТ-ын буцаан олголтоор 80 мянган төгрөг авч байгаа иргэн таван хувь болж өссөнөөр 120 мянган төгрөгийг жилдээ нэг удаа буцаан олголтоор авах асуудал. Гэтэл энэ зөрүү нь хоол хүнсэндээ нэг удаадаа явчихна.
Цаана нь бидэнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, халамж, хүүхдийн асуудлыг шийдвэрлэх урсгал зардал гээд маш олон зайлшгүй хэрэгцээтэй асуудлууд байна.
-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх эсэхийг судлах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ танилцуулах вэ?
-Төсвийн байнгын хорооны гишүүдээс ажлын хэсэг гарсан. Одоо бид мэдээллээ л авч эхэлж байна. Татвар нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал. Сангийн яамнаас ч байнгын хороон дээр “Татвараар оролдохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Сошиал орчинд хөтлөгдөн давлагаалах нь аюултай шүү” гээд байгаа. Үүн дээр ч гэсэн бид санал нэгтэй байна. Ер нь цаашид 100 мянга хүрсэн санал болгоныг хэлэлцээд явах юм уу гэдэг ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Хууль тогтоомж гэж бий. Яаралтай горимоор гэж асуудал бий. Зайлшгүй хэлэлцээд хурдан шийдэх асуудал гэсэн үг. Гэтэл татварын асуудлыг яаралтай горимоор шийдэж болохгүй. Хуульдаа зөрчилдөнө.
-Хэрэв ард иргэдээс санал дэмжигдээд хэлэлцэгдэх хүртэл ямар шат дамжлага байх ёстой гэж хуульдаа заадаг вэ?
Юуны өмнө тухайн саналтай холбоотой мэргэжлийн салбарын хэлэлцүүлгийг олон удаа хийсэн байх ёстой. Мэргэжлийн судлаач, эрдэмтэд, ТББ-ууд, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал, байр суурийг авах ёстой. Дараа нь судалгаа, тооцоолол хийсэн байх ёстой. Иргэдийн саналыг авсан байх, тусгасан байх. Ингээд хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраар хэлэлцүүлээд дэмжвэл УИХ-д өргөн бариад УИХ нь холбогдох байнгын хороонд шилжүүлдэг.
Ингэснээр мэргэжлийн байнгын хороо чуулганаар уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд байнгын хорооны хурлаар ордог. Гэтэл биднийг маргалдуулаад байгаа зүйл нь НӨАТ-ын буцаан олголт дээр ямар ч хуулийн төсөл боловсруулаагүй шууд иргэдээс авсан цахим саналтай гээд ороод ирж байгаа нь өөрөө хууль тогтоомж, дэгээ зөрчиж байгаа юм. Гэтэл ард иргэдээс санал авчхаад хэлэлц гэхээр бид яаж ажиллах ёстой юм бэ. Өргөн баригдсан хуульгүй зүйл дээр бид яг юу ярих юм бэ. УИХ-ын дарга өөрөө явах дэгийг мэдэж байж ийм асуудал ярилц гээд байгааг ойлгохгүй байгаа.