Х.Ганхуяг: Бидний батлаад байгаа хуулийг яаж ГУУЛЬ БОЛГОЖ байгааг нүдээрээ хараад байж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна.
Асуудал нэмэх, дараалал өөрчлөх горимын санал гаргасан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нар гаргасан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг " Зарим зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбоотойгоор үг хэлье. Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотой үг хэлэхгүй бол болохгүй байна. Ажлын хэсэг ажиллаж, санал дүгнэлтээ хаврын чуулганаар хэлэлцүүлж, 69 дүгээр тогтоолыг баталсан. Гэтэл хэрэгжилт хангагдахгүй байна. Маш энгийн хууль. Хувийн хэвшил өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө бүгдийг нь боловсруулж өгсөн. Зөвшөөрлийн хууль дээр хэд хэдэн асуудал үүссэн. Ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр бий болгохгүй байхыг хуулийн 1.5 заалтад тусгасан. Мөн 8.1 болон 8.2 заалтад хуульчилж нэрлээд хэн олгох вэ гэж заасан.
Emongolia платформ дээр E-business гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмчихсэн байна. Бидний батлаад байдаг хуулийг яаж гууль болгож байгааг нүдээрээ хараад байж байна. Мухлаг, 8 нэрийн барааны дэлгүүр, дугуй засвар гээд байж болох бүх зөвшөөрөл байна. Зөвшөөрлийг шинээр нэмэх процессыг маш тодорхой зааж өгсөн. Нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын дэргэдэх зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ хуулиар өөрчилнө. Гэтэл өнөөдөр И-Бизнес гэдэг цэсэнд баахан зөвшөөрлийг шинээр өгч байна. Бидний баталсан хуулийг гууль болгож байна. Иргэдээс олон гомдол ирж байна. Өнөөдөр хариултаа авмаар байна. Дунд шатны авлигын асуудал замаа алдлаа." гэв.