Өмгөөлөгч Б.Буянжаргал: Хүүхэд хамгааллын 108 утсанд дуудлага өгдөг ч хамгаалалтад авдаггүй
Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сонсгол өнөөдөр /2023.10.25/ Төрийн ордонд болж байна.
Сонсголын үеэр хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал " Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах хуулиуд хангалттай байгаа ч энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, эргээд ажил хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо сул байна. Жишээ нь, хүүхэд хамгааллын 108 утсанд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Манай хүүхдийг ээж нь хаяад явсан байна. Хамгаалалтад авч өгөөч. Би аав нь байгаа юм, гадаад явж байна” гэж дуудлага өгчээ.
Гэвч тус холбогдох газраас ар гэр рүү нь энэ аравдугаар сард холбогдож, “Би сая ажил авсан юм. Танай хүүхэд яасан бэ” гэж асуужээ. Золоор тухайн хүүхэд дээр эрсдэл бага байсан тул эрхийн зөрчил гараагүй.
Гэхдээ ийм тохиолдол өөр нэг хүүхэд дээр тулгарч, амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учирсан бол яах вэ.
- Хүүхдийн 108 утсанд дуудлага мэдээлэл өгдөг ч яаж шийдсэн нь тодорхойгүй. Ажилтан дуудлага мэдээллийг хүлээн аваад цааш нь л дамжуулдаг, ямар арга хэмжээ авсан нь мэдэгддэггүй.
- Хүүхдийн эрхийг хамгаалах хамтарсан баг ажилладаг. Хамтарсан багт хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны цагдаа нарт багтдаг байна. Гэвч цалин хөлс урамшуулалгүй ажилладаг.
- Аймаг, нийслэлийн дүүрэгт бүрт Түр хамгаалах байр ажилладаг ч сэтгэл зүйчгүй, мөн мэргэшсэн нийгмийн ажилтангүй байна.
- Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг бий болгох шаардлагатай" гэв.