ТБХ: 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ

2023 оны 10 сарын 20

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт нийт 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын долоон төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн талаар дурдвал,

-Хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Орон нутагт орон сууц барьж ашиглалт оруулах аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, татварын тайлагналтыг хялбаршуулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагуудын төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг оновчтой болгох, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Стратегийн ач холбогдолтой, урт хугацаанд хэрэгжих уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Газрын зөвшөөрлийн асуудлыг цэгцэлж газрын менежментийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Авлигатай тэмцэх байгууллагын гүйцэтгэх ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Түншлэлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн тэргүүлэх ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжих зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор “Засгийн газрын үнэт цаас олгох эрх олгох тухай”, стратегийн ач холбогдол бүхий эрчим хүчний төслийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай”, автобензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгаж нөөцийн баталгаат байдлыг хангах зорилгоор “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсныг танилцуулгад дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтийг Ажлын хэсэг дээр эргэн харж сайтар ярилцах, цаашлаад орон нутгийн эрх бүхий байгууллагуудын өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр шийдвэрүүдийг төрийн аль нэг агентлаг нь хянаад бүртгэхгүй байгаа явдлыг хуулиудаас хасах шаардлагатай" гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, ирэх онд орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 52 соёлын төв барих 154 тэрбум төгрөгийг Хавдарын эмнэлгийн барилгын дэд бүтцийг татах 140 тэрбум төгрөгт шилжүүлж шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх жилийн төсвийн төсөлд үнийн өсөлтийн зөрүүтэй асуудлаар магадлан хийлгэсэн, аудитын дүгнэлт гаргуулсан төсөвт өртгийн нэмэгдэлтэй төслүүдийн асуудлыг шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Газрын тухай хуульд газрын маргааныг Засгийн газар дээр татаж авахаар тусгасан нь орон нутгийн бүх асуудал гацаанд орох эрсдэлтэй тул Ажлын хэсэг анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэхийлсэн.

Ингээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652033
0 эможи

keyboard_arrow_up