ЁЗСХБХ: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ӨӨРЧЛӨЛТ орууллаа

2023 оны 10 сарын 05

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр (2023.10.05) хуралдаж, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан явуулав.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн гишүүд, орон тооны бус дөрөв, нийт есөн гишүүнтэй байхаар тусгасан. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Ёс зүйн хорооны орон тооны бус дөрвөн гишүүнийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо томилж, чөлөөлнө”, 11.5-д “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм, орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо батална” гэж тус тус заасан. Үүний дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа тус хорооны дүрэм, орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж, уг журмын дагуу орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулсан юм.

Хэлэлцэж буй асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд тайлбарлахдаа, Ёс зүйн хороо бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг дагаж мөрдүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй чухал хороо. Дээр дурдсан журамд заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт миний бие болон Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Хуульчдын холбоо зэрэг байгуулагын төлөөлөл орсон. Эдгээрийн дээр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн төлөөллөөс оруулах нь зүйтэй гэж үзээд, Ардчилсан намын бүлэгтэй Зөвшилцсөний дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар тохиролцсон гэсэн юм.

Санал хураахад Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжив. Ингэснээр тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Байнгын хорооны дарга Б.Баттөмөрийг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг нэмлээ.

Дараа нь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны аравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, тогтоол гаргалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651457
0 эможи

keyboard_arrow_up