Г.Занданшатар УИХ-ын эмэгтэй гишүүдэд “АНХААРУУЛГА“ өгөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын эмэгтэй гишүүдэд “АНХААРУУЛГА“ өгөв.
Тэрбээр "Хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо.
Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна.
Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд хохирсон байна. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.
Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа
Хүүхдийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд тэр тусмаа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Энэ чиглэлд Нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хороо, УИХ дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд онцгой анхаарал хандуулж, ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна" гэв.