Т.Доржханд: Ногоон автобусны “ХУЛГАЙ“ бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлттэй холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсын парламентын үйл ажиллагаа тодорхой төвшинд ил тод болсон. Нээлттэй сонсгол хийдэг болсноор, Төрийн хянан шалгах хороо байгуулснаас хойш иргэд илүү их парламентаа үздэг болсон. Яагаад гэвэл нээлттэй болсон. Эсрэгээрээ хаалттай байснаар нүүрсний хулгай гарсан. Гишүүд ч мэддэггүй, сайд нь ч мэддэггүй. Ногоон автобусны хулгай бас л адилхан нууц гэсэн үндэслэлээр явж байна. Нууцлаад байхаар болохгүй юм байна. Авлигаа дийлэхгүй юм байна.
Нууцлахгүй ил тодоор явж болдог юм байна гэдгийг иргэд ойлгож байгаа үед парламент томилгоог нээлттэй хэлэлцдэг ардчиллын зарчмаасаа буцаж болохгүй. Ардчилсан улс байя гэвэл ил тод байх ёстой, зарчим нь ийм. Монгол Улс парламентын засаглалтай юм бол тухайн томилогдож байгаа албан тушаалтныг тал, талаас нь яриад, шүүгээд гаргадаг зарчимтай байх ёстой. Цэцийн дүгнэлтийг хүлээн авч болохгүй." гэв.