Г.Занданшатар: Дорноговьд 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна, ГИШҮҮД ЭЭ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо.
Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна.
Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд хохирсон байна. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.
Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, энэ сарын 2-нд орон сууцны хотхоноос 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа.
Хүүхдийг төрснөөс нь эхлээд 18 нас хүртэл нь бид хамгаалах, хайрлах үүрэгтэй. Гэр бүл бүрийн эрхэм үүрэг. Хүүхдэд ээлгүй улс үндэстний ирээдүй бүрхэг болно. Манай улсын ёс зүй хүүхдэд ээлгүй болжээ. Өөрийн төдийгүй бусдын хүүхдийг хайрлах марол байхгүй болсон байна.
Эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд хүүхдийн эрх зөрчигчидтэй хатуу тэмцдэг болмоор байна. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ. Энэ чиглэлд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулъя. Өнөө маргаашгүй холбогдох Байнгын хороод яаралтай хуралдаж, маргааш мэдээлэл сонсох цагаар оруул ирэхийг үүрэгдэж байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, хатуу хариуцлага тооцон ямар нэгэн өршөөл уучлалд хамруулахгүй байх эрх зүйн шинэчлэл хийнэ" гэв.