“Тэнүүн Огоо“-г тендерт шалгаруулахад Дарханаас сонгогдсон Г.Дамдинням НӨЛӨӨЛСӨН үү
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн нэг хэсэг болох 80 ширхэг буюу олны нэрлэж буйгаар ногоон автобусны явдал нийгмийн дургүйцлийг хүргэж, улмаар уг асуудлыг хариуцаж байсан Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн.
Энэ асуудлаар чөлөөлөгдөх үеэр Д.Сумьяабазар "Үнэндээ автобусны тендерт би оролцоогүй. Харин тэр компаниудыг Д.Амарбаясгалан дарга өөрөө уулзуулсан юм шүү" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " Би "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаар ирж уулзсан юм билээ. Миний өмнө сонссон мэдээллээр Дархан-Уул аймгийн хүн юм билээ. Дарханы улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Би автобустай холбоотойгоор тендерт нь юм уу эсхүл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж ажиллаж үзээгүй" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан дарга "ногоон автобус"-ны асуудлыг Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүд рүү чиглүүлчихлээ.
Харин Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудастаа "ногоон автобус"-ны талаар ийнхүү жиргэжээ. Тэрээр "Хувийн компани ашгийн төлөө л явна. Хог авчраад шинэ гэж шахах гэж үзэх бол тэдний л асуудал. Бүрэн буруутгах аргагүй. Харин түүнд хяналт тавиагүй төрийн байгууллагын буруу" хэмээн өмөөрөн суугаа харагдсан.
Товчхондоо, Д.Сумъяабазарын шидсэн "том чулуу" ингэж Г.Дамдиннямыг онов.