УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д айлчилж байна

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Албан айчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга Ким Ги Хёньтэй уулзлаа.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга Ким Ги Хёнь УИХ-ын дарга Г.Занданшатартай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, 2011 онд манай хоёр улсын парламент Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй үргэлжилж байгаад баяртай байна. Улсын Их Хурлын даргын энэхүү айлчлал нь манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд УИХ-ын даргын БНСУ-д хийж айлчлалд өндөр амжилт хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ-ын харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын төлөөллийг хангах зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй, сонгодог парламентын мэтгэлцээний зарчимд шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн сайн туршлагыг бид судлаж байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулганы хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн эртний түүхэн харилцаатай Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон юм хэмээн цохон тэмдэглэв.

Үндэсний Ассамблей дахь Ард түмний хүч намын бүлгийн дарга Ким Ги Хёнь УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн эрх зүй зохицуулалтыг сонирхон асууж байв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650681
0 эможи

Зочин
2023-09-11 17:04
Сурэглээд яваад байдаг, чадах юм байдаггуй!
keyboard_arrow_up