Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжиж ажиллана
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь “оюун санааны” нандин хэлхээ холбоон дээр үндэслэж, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж буйг харилцан илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” гэдгийг онцлоод, Монгол Улсын 3.5 сая иргэний нэрийн өмнөөс болон хувиасаа Энэтхэгийн 1.4 тэрбум иргэнд сайн сайхныг хүсэн ерөөв. Тэрбээр, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн айлчлал хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулах, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж буйг тэмдэглэлээ.