Энэтхэгийн парламенттай хамтран ажиллах санамж байгууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга ноён Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр орны парламентын дарга нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Мөн энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн Тамгын газар хоорондын Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн гишүүн Ражеш Верма, Мала Ражяа Лаксми Шах, Ребати Трипура, Ражяа Сабхагийн гишүүн Нарайн Дасс Гупта, Пабитра Маргерита, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.