Төрийн зүтгэлтэн Д.Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.07.04/ “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан түүнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, хөдөөгийн эмчээс ажлын гараагаа эхэлж, салбарын орлогч сайд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл ажилласан Таны ажил, хөдөлмөрийн замнал бол Монгол Улсын түүх, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой билээ. Хүн амын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар Таны гаргасан санал санаачилга, хууль тогтоомж эдүгээ хүртэл үнэ цэнэтэй байна. Мөн МУЗН-ийг тэргүүлэн хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, ардчилал, шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан өнөөгийн хөгжилд хүргэсэн хөдөлмөр, зүтгэлийг бид ямагт үнэлж ирсэн. Улмаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөрөө дамжуулан гэр бүл, хүүхэд залуусийг болон нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэргээр тань бид үргэлж бахархдаг. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Д. Мөнхөө таны 80 насны ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.
“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, хууль тогтоох дээд байгууллагын удирдлагууд хүндэтгэн хүлээн авч байгаад талархаж байна. Та бүхний хүндэтгэл надад урам зориг өгч, амьдралд тохиох сайхан дурсамжийг үлдээлээ. Монгол Улсын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэж, улам их амжилт гаргахыг хүсч байна гэв.