Ч.Номин: 14-16 насныханд соёлын арга хэмжээнд оролцох эрхийн бичиг олгоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд соёлын эрхийн бичгийн талаар тусгасан байна.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин " Соёлын яамны зүгээс өнгөрсөн 2022 онд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, Засгийн газраас 43 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 салбарын хүрээнд хөгжүүлнэ гэсэн. Аливаа бизнес шинэ салбарыг хөгжүүлэх нөхцөлд бойжуулна, хөгжүүлнэ, түгээнэ дэлгэрүүлнэ гэдэг үе шатууд байдаг. Монгол Улс бодлогын бичиг баримтууддаа олон тулгуурт эдийн засгийн суурьтай болно, цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээнэ гэж заасан. Энэ утгаараа шинэ эдийн засгийг бойжуулах хууль гэж үзэж болно.
НҮБ-ын судалгаагаар 2020 оны байдлаар манай өсвөр насныхан соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн бага оролцдог гэсэн учраас үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйн иргэддээ соёлоор дамжуулан өв соёлыг нандигнан хайрладаг болгох үүднээс тэднийг аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг өгөхөөр хуульчлах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллаж байна. Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн соёлын салбарын нийт ажилтан албан хаагчдын цалин хөлс 61 хувиар нэмэгдэж байна. Мөн хүний нөөцөө чадавхжуулах ажлуудыг тогтмол хийж байгаа" гэжээ.