Ж.Чинбүрэн гишүүний саналаар англи хэлийг гуравдугаар ангиас нь заах хуулийн заалтыг ТӨСЛӨӨС ХАСЖЭЭ
Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж, ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар болоод байсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг ХАСАХ САНАЛЫГ УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Ингэснээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заах хуулийн заалтыг ТӨСЛӨӨС ХАСЖЭЭ.
Ж.Чинбүрэн хүүхдүүдэд багаас нь буюу гуравдугаар ангиас нь англи хэл заах нь Монгол хэл, өв соёл, үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ.
Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Англи хэлийг гуравдугаар ангиас заана гэсэн заалтыг унагаасанд харамсч байна" гэв.