УИХ-ын дарга Г.Занданшатарт БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирла албан захидал ирүүлжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) дарга Ом Бирлагаас албан захидал ирүүлжээ.
Захидалд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн ард түмэнд зориулан парламентын шинэ ордноо 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр нээснээ мэдэгдэхэд баяртай байна хэмээжээ.
Тус улсын одоогийн парламентын ордон нь 1927 онд баригдсан байна. Үүнээс даруй 100 орчим жилийн дараа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан парламентын шинэ ордныг барьсан гэжээ. Парламентын шинэ ордон нь Энэтхэг Улсын баялаг соёл, өв уламжлалыг илэрхийлсэн өвөрмөц загвартайн зэрэгцээ технологийн дэвшлийг шингээсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, орчин цагийн ногоон барилга байгууламж болсон гэдгийг эрхэмсэг ноён Ом Бирла захидалдаа дурджээ.
Ардчилал бол эртний Энэтхэгийн уламжлалын салшгүй нэг хэсэг гэдгийг тэрбээр албан захидалдаа тодотгоод эл шалтгаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс тусгаар тогтносныхоо дараа парламентын ардчилсан засаглалыг сонгосон талаар дурджээ.
Үүнээс хойших хугацаанд тус улс ардчиллыг бэхжүүлж ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын шинэ ордон нь бүх нийтийн сайн сайхны төлөө зүтгэх ард түмний сонгосон төлөөлөгчдөд урам зориг өгч, цаашид дэлхий даяар парламентын засаглалыг илүү бэхжүүлэх Энэтхэг Улсын хичээл зүтгэлийн чухал илрэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа захидлынхаа төгсгөлд илэрхийлсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.