УИХ-ын дөрвөн гишүүн “Нүүрсний сонсгол хийе” гээд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2023 оны 6 сарын 12

Arslan.mn

Хэвлэлүүд, экспертүүд “Улс төр аадрын өмнөх шиг ажин түжин байна. Энэ нэг л биш шүү” гэцгээх болсон. Нээрэнгээсээ тийм байгаа ажээ. Далдуур дайн биш гэхэд дажинтай байна. Боловсролын зээлийн сан гээд бараг хоёр сар нийгмийн сүлжээгээр хэлэлцлээ. Гэтэл сангийн асуудлыг дэвэргэж нүүрсний хулгайг нуух үйл ажиллагаа явж байсан бололтой. Тусгай санг эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаараа түрүү барьж ашигласан нь гэмт үйлдэл мөн. Хөгжлийн банк шиг цаасан дээр мөртэй үлдсэн учраас төлөх ёстойгоо төлж л таарна. Харин нүүрсний хулгай бол нууцаар үйлдэгддэг. Хууль хяналтынхан ажиллаж байж илэрч, тогтоогдох хэрэг юм. Тэгээд мөнгөн дүн нь тоймгүй их, ойд багтамгүй өндөр. Бас энэ хулгайд улстөрчид, улс төрийн хамааралтай олон хүн холбогдсон. Нийтээрээ мэднэ. Тийм шалтгаантай, холбоотой хэсэг хүн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзаад “Зээлийн сангаар сэвэх хүмүүс дууслаа. Тэгэхээр нүүрс асах нь дээ, яах вэ” гэлцсэн нь “гэрэл цохиулжээ”, янз нь. Хаа сайгүй ярьж байна.

Үнэхээр ч сүүлийн үед тусгай сангууд, Үндсэн хууль тойрч яриад нүүрсний хулгайг бүрмөсөн мартжээ, бид. Улстөрчид ч ярихаа больсон. Уул нь нүүрсний хулгайг барьж аваад тонгорсон улстөрч ирэх сонгуулиар баараггүй. Нүүрсний хулгайтай ноцолддоггүй юм гэхэд хамгаалдаггүй, харин эсэргүүцдэг байх нь одоогийн улстөрчдийн шударга ёсны шалгуур болсон.

Хууль хяналтынхан ч энэ хулгайтай холбоотой сэдэл өгсөн, сэжиг авахуулсан хүмүүсийг шалгаад л байх шиг байна. Харин олон нийт нүүрсний хулгай ид яригдсан байсан хагас жилийн өмнөх баахан “хулгайч” хаачив гээд эрж сурах байдалтай болж эхэллээ. Том улстөрчид, том бизнесмэнүүдийн нэр ус гараад л байсан. Таг болсон. Тэдэнтэй төр эвлэрэв үү, аль эсхүл хууль хяналтынхан хаацайлаад байна уу. Хулгайчаа хайхын хажуугаар эвлэрсэн, хаацайлсан хүмүүсийг бас эрж байна.

Түүнээс гадна нүүрсний хулгайн хамгийн гол үйл ажиллагаа УИХ дээр гацчихаад байна. Тэр нь нээлттэй сонсгол юм. Нээлттэй сонсголоор нүүрсний хулгай “нээлттэй” болно. Товчхон хэлэхэд, ийм л үр дүнтэй. Нүүрсний хулгайг хэн хийдэг вэ. Хэн зохион байгуулж, хэн оролцоод, хэн гүйцэтгэдэг вэ. Ер нь ямар схемээр яаж хулгайлдаг вэ. Ингэж хулгайлаад хэр хэмжээний ашиг олдог вэ. Түүнчлэн оффтейк гэрээг нууцаас гаргаад нэмэр болсон уу. Асуулт ингээд л үргэлжилнэ. Нээлттэй сонсгол нь энэ бүгдэд олон нийтийн өмнө нээлттэй хариулт авч, мэдээлэл өгөх үүднээс жилийн өмнө Нүүрсний асуудалд хяналт тавих үүрэгтэй. Үүнийг УИХ-ын Түр хороо хэрэгжүүлэх ёстой байлаа. Түр хороог УИХ-аас байгуулсан. Зургаан сарын хугацаатай. Тэр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дуусаад, дахин сунгасан. Сунгасан нь өнгөрсөн долоо хоногт дууслаа. Түр хорооны талаар хэн ч ярьсангүй, хөндсөнгүй өнгөрөв.

Түр хороо Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой юм. Хийсэнгүй. Хийх ч үгүй бололтой. Уул нь Түр хороог ахалдаг УИХ-ын гишүүн Г.Ганболд өнгөрсөн хавар нээлттэй сонсголыг товлосны дараахан “Дөрөвдүгээр сарын эхээр нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулна. Урьдчилан төлөвлөснөөр 80 орчим иргэнийг гэрчээр дуудаж оролцуулна. Сонсголыг 2-3 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Оффтейк гэрээнээс болж улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдгийг эхэлж ярина. Ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсан юм гэдгийг өөрсдийн нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан ярина. Төмөр замын тээвэр дээр авлигал, хээл хахуулийн схем яаж явагддаг зэргийг тодруулж төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна” гэж байсан. Гэвч сонсгол болохоос долоо хоногийн өмнө “АТГ-ын хүсэлтээр хойшлууллаа” гээд алга болсон.

оос нээлттэй сонсголыг хийх хүсэл зориг байхгүй нь илт харагдах болсон. Бусад нь тэгж харсан бололтой. Үндсэн хуулийг өөрчилж, түүнийг дагалдах хуульд суулгахтай зэрэгцээд УИХ дотор нүүрсний хулгай яригдаж эхэлсэн байна. Нэр бүхий дөрвөн гишүүн “Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг хийх нь зүйтэй. Үүн дээр санаачилга гаргая” хэмээн тохирчээ. Тэгэхдээ “Ганболд бол хөдлөхгүй нь. Тэр нь тодорхой боллоо. Энэ Баясгалан бяртай байна аа. Сонсголыг нам барьж байна. Гэсэн дахин санаачилна. Гарын үсгээ зурна” гэж ярьжээ. Гэхдээ тэд нээлттэй сонсголыг шаардаж, гарын үсгээ зурсан гишүүдийн тоог олон болтол өөрсдийгөө нууцлахыг хүсэж буй юм байна. Учир нь нээлттэй сонсгол нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн эрх ашгийг шууд хөндөнө. Гэтэл тэр хүмүүс нь нөлөөтэй, мөнгөтэй учир хэдүүлхнээ тулахад хэцүү хэмээн болгоомжилж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
648010
1 эможи

keyboard_arrow_up