УИХ-ын дарга Г.Занданшатар залуу сэтгүүлчидтэй уулзаж, ардчиллын тухай болон мэдээллийн тэнцвэртэй байдлын талаар санал солилцлоо

2023 оны 6 сарын 11

Arslan.mn
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар залуу сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгчдийн урилгаар тэдэнтэй ардчиллын тухай ярилцлаа.

Тэрбээр, лекцэндээ парламентын ардчилал, зөвлөлдөх санал асуулга, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, түүний үргэлжлэл, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын арга хэрэгслүүд зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөн ярьж, залуустай чөлөөтэй санал солилцжээ.

 

 

 

Тэрбээр, "Аливаа асуудлаар хүмүүс зөвхөн өөрийн хүрээллийнхэнтэй л санал солилцдог нь нийгмийн санаа бодлыг танин мэдэх боломжгүй болгодог. Тухайлбал Калифорниад Стэнфордын Их сургуульд суралцаж байхдаа ойр дотны эрдэмтэн, судлаач найз нартайгаа ярилцаж суухад бүгд л Трампад дургүй, түүнийг дэмждэггүйгээ илэрхийлж байсан. Тэдний яриаг сонсож байхдаа би, Трамп сонгогдохгүй юм байна гэж бодож байлаа. Гэтэл дараа жил нь сонгогдчихсон. Зөвхөн өөрийн хүрээллийн хүмүүсээр асуудалд дүгнэлт хийж болохгүйг энэ үйл явдал надад гүнзгий ойлгуулсан.

Олон нийтийн санаа бодлын бас нэгэн хязгаарлалт бол суурь мэдээлэл хангалтгүй, хүмүүсийн үзэл бодол хувирамтгай байх явдал. Энэ нь Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлэхдээ заавал тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангах шаардлагыг бий болгодог хүчин зүйл юм" гэж лекцийнхээ үеэр чухалчлан дурдсан юм.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр танхимын үндсэн сургалтуудыг явуулж эхэлжээ.

 

 

 

Өнөөдрөөс эхэлж буй “Бямба гаригийн зочны лекц” хоёр долоо хоног үргэлжлэхийн хамт Улсын их Хурлын үйл ажиллагаатай танилцах зэрэг бүрдэл хэсгүүдэд залуу сэтгүүлчид хамрагдаж, хөтөлбөрийн төгсгөлд парламентын хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүнд иргэд, олон нийтийн оролцоог хангахын ач холбогдлын талаар сэтгүүл зүйн бүтээл туурвих аж.

Өнөөдрийн “Бямба гаригийн зочны лекц”-ийн хүрээнд болсон панел хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Бадамрагчаа, “Цогц хөгжлийн үндэсний төв” Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар оролцож, Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа, хууль, түүний хэрэгжилтийн талаар сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй харилцан ярилцаж, санал солилцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647998
0 эможи

keyboard_arrow_up