НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: “Сугарч“ үлдсэн А.Адъяасүрэнгийн хэрэг хэзээ ШИЙДЭГДЭХ вэ?
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарласан. Одоогоос таван сарын өмнө АТГ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өөрийн боломжит бүх арга хэмжээг авч байгаа талаар мэдэгдэж нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон хүмүүсийг шалгаж, хариуцлага тооцохоо ам гарсан.
Шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж дахин ам нээгээгүй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татаж байгаагаа өнгөрсөн хоёрдугаар сард АТГ мэдэгдсэн. Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татаж байгаагаа АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлсэн билээ.
Тэрбээр, мөрдөх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хоёрдугаар сарын 28-нд өгөх үеэр ажлын хэсэг дээр байгаа хэрэг мөрдөлтийн талаар танилцуулж, гурван хэргийн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх хүсэлтээ өгсөн гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдсэн.
Өчигдөр (2023.05.29) Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж, нүүрсний гэх нэг ч хэрэг шүүхэд шилжээгүй байгаа талаар мэдээлсэн. Хэрэв ойрын хугацаанд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг шийдэгдэхгүй бол тэр нэр цэвэр үлдэх тохироогоо явагдаж байна уу гэсэн хардлага төрөхөөр байна.
Ташрамд дурдахад, А.Адъяасүрэн нэгт Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан гэх үйлдлээрээ шалгагдаж байгаа бол хоёрт, "нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлэгт багтсан гэх хоёр хэрэгт шалгаж байсан.
Ийнхүү УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хятадуудтай хамтран эзэмшдэг тээврийн компаниуд жолооч нарын эрхийг ноцтой зөрчиж, хууль бус үйлдэл гаргаж байгааг баримт хууль хяналтын байгууллагынхны гарт ирсэн байж магадгүй. Жолооч нарын гомдол, мэдээллийн мөрөөр компанийн удирдлагуудыг шалгахаар болж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд дахин нэг зүйл анги, “хэрэг” нэмэгдэж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан.