126 гишүүнтэй болсноор ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ
Засгийн газар ганцхан заалттай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн барив.
Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ. Товч бөгөөд тодорхой ганцхан заалт боловч цаашаа маш олон зүйлийг “хөдөлгөх” үр дагавартай. Үндсэн хуульд ганцхан заалт байтугай ганц үг ч чухал гэдэг энэ. Учир нь, эцэг хэмээн хүндэтгэдэг энэ хуулиас бусад хууль эх ундаргаа авдаг юм.
Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ганцхан заалттай төслөө сонгогчдодоо танилцууллаа. Иргэд сонгогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсныг УИХ-ын гишүүд бүлэгтээ танилцуулав. Ер нь бүгд загнуулаад ирж. “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоогүй байж өөрсдийнхөө тоог хоёр дахин нэмэх гэлээ” гээд л зандчих сонгогч олон байж. Тиймээс эрх баригчид иргэдийнхээ санал шүүмжлэлийг хүлээн авч, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн, гишүүдийн тоог 152 бус 126 болгохоор болов.
Тогтолцооны хувьд 76 нь тойргоос, 50 нь пропорциональ байх саналыг УИХ-ын чуулганд оруулахаар улс төрийн намууд санал нэгдсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай намууд 126 парламентын гишүүнтэй байхаар санал нэгдсэн гэсэн үг. Тиймээс гишүүд нэгдсэн саналаа оруулан ҮХӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд дахин тойргийнхоо зүг хүлгийн жолоо заллаа.
126 гишүүнтэй болсноор юу өөрчлөгдөх вэ
- Пропорциональ систем нь олон нийтэд танигдсан, хөрөнгө мөнгөтэй хүмүүст давуу нөхцөл үүсгэдэггүй. Нэг ёсондоо 60 тэрбумаар Монголын төрийн худалдан авах бололцоогүй болно
- Намынхаа бодлогоос давж дуугарах, хувь улстөр хийх боломж популистуудад хумигдана
- 64 гишүүний ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ
- Хуулийг 39 гишүүн баталж байгаа бол 64 гишүүн баталдаг болно гэх мэт олон өөрчлөлт хийнэ.









