УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байна

2023 оны 5 сарын 10

Arslan.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улсын Их Хурлын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж иргэдийн саналыг авав

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна.
Уулзалтын эхний өдөр Баянгол дүүргийн 22, 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг, тэр дундаа гишүүдийн тоог нэмэх эсэх асуудалд иргэдээс санал авахад дийлэнх нь 108-120 хооронд байхыг дэмжиж байв. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэн н.Мөнхбат “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ зөв тогтолцоогоог нэвтрүүлэх хэрэгтэй” гээд Улсын Их Хурал 108-120 гишүүнтэй байхыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Иргэн н.Чулуунбаатар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг дэмжихгүй байгаагаа ирэлхийлсэн бол иргэн н.Рагчаа улс орон хөгжихгүй байгаа нь тогтолцоондоо биш хүндээ байна гэжээ. Иргэн н.Балжинням Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, олон намын төлөөллийг оролцуулж сонгуулийг мажоритар болон пропорционал тогтолцоог хослуулан явуулах санал хэлж, Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх нь зохистой гэв.

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төслийг танилцуулж, саналыг нь авч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Н.Учрал нар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийж, төслийн талаарх иргэдийн саналыг авчээ. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд Улсын Их Хурлын гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмж болох ч бие төлөөлөгч, туслахын тоог хасах, салбар, салбарын төлөөллийг багтаах, тогтолцоог өөрчлөх, “давхар дээл өмсөх”-гүйгээр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв шийдвэр гаргаж байх нь чухал гэх зэрэг саналыг хэлсэн байна. Түүнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлыг 100-123 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэг саналыг олонтаа хэлж байсан аж. Тус уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд, олон нийтийн дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүд иргэдийн саналыг албан ёсоор Улсын Их Хуралд хүргүүлэн ажиллахаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргийн 12-17, 30, 31, 43 дугаар хороодын иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийнхээ үзэл бодол саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийв. Уулзалтад 350 гаруй иргэн оролцож, 17 хүн санал хэлсэн бөгөөд 11 иргэн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 4 иргэн дэмжихгүй байгаа гэв. Санал хэлсэн иргэд Улсын Их Хурал гишүүдийн тоог нэмэхдээ 152-оос цөөн байх нь зөв, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлснээр өрсөлдөөн, шударга ёс ноёлож, ил тод байдал хангагдах ач холбогдолтой гэдэг саналуудыг хэлж байв. Мөн Улсын Их Хуралд салбар салбарын төлөөллийг багтаах, намууд ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй, авилгаас ангид, ёс зүйтэй, эрдэм боловсролтой, чадварлаг, зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд анхааралтай хандаж байна

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудыг хийж байна. Тэрбээр Батширээт сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, саналыг сонслоо. Иргэдийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг анхаарч, идэвхтэй оролцох хүсэлтээ илэрхийлж байв. Тус суманд болсон уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон 11 иргэн санал хэлж, байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Батширээт сумын Норовлин багийн иргэн н.Борхүүхэн “Хуулийн төсөлд тусгагдсан 152 мандат бол эцсийн буюу дээд хязгаар гэж ойлгосон. Тиймээс 152 гэлгүйгээр 120 ч гэх зэргээр дундажаар авч үзэх ёстой. Нэр дэвшин, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байгаа хүмүүс салбар салбарын хүмүүс байх ёстой. Эмэгтэйчүүдийн төлөөллийг зохих ёсоор хангах хэрэгтэй” гэжээ. Онон багийн иргэн н.Алтанхуяг, Б.Баярсайхан, н.Цэндсүрэн нар Улсын Их Хурлыг 152 гишүүнтэй болгох нь зөв бөгөөд Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зүйтэй гэж байв. Харин парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийн хэрээр нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг хангаж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн сахиулах, шаардлагатай тохиолдолд сонгогчид төлөөллөө эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой саналуудыг хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646946
0 эможи

keyboard_arrow_up