Гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХӨ-ийн төслийг танилцуулахад 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ
Монгол Улсын Үндсэн хуульд ямарваа нэмэлт болон өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь бусад хууль, тогтоомж хэлэлцэхтэй адилгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг. Дээрх хуульд зааснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг заавал хийнэ.
Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан /2023.05.05/ гарагт захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон.
Энэ дагуу энэ долоо хоногт УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлэл өгч байна. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх үүрэгтэй билээ.
Харин гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХӨ-ийн төслийг танилцуулахад 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа бөгөөд шаардагдах төсөв хөрөнгийн Засгийн газраас гаргахаар болжээ.