ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг сонгов
УИХ-ын чуулганы өчигдрийн (2023.05.05) хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын саналыг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, "Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5-д Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байхаар зааснаас тэдгээрийн дөрөвийг Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэхээр заасан. Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн 4 гишүүнээс хоёр орон тоо гарсан учир сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан" гэдгийг онцолжээ.
Зөвлөлд нэр дэвшихээр 9 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээр ”Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ-аас нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Монголын үндэсний маркетингийн холбоос нэр дэвшүүлсэн Жаргалсайханы Золзаяа нарыг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Түүний дараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дээрх хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжиж, баталлаа.