Г.Занданшатар: Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, УИХ дэргэдээ авч байгаа

2023 оны 5 сарын 04

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийлээ. Хууль зүйн үндэсний хүрээлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэдэх болгож статусыг нь дээшлүүлж байна гэдгийг онцолсон юм.

Хоёрдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал, Засгийн газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг ажиллуулна” гэж заасан.

Мөн тус зүйлийн 49.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлнэ” хэмээн тус тус тусгажээ. Энэ дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолыг баталлаа гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хуулийн нэр томьёоны жигдрэлт, хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Цаашлаад зарим яам, Тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг дэргэдээ авахаар санаархдаг болсон.

Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, Улсын Их Хурал дэргэдээ авч байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институтийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг” гэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646803
1 эможи

keyboard_arrow_up