Дараах ЭЛЧИН САЙД нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
Уг асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн сарын 27-нд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулгадаа,
- Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Отгоны Дамбийнямыг эгүүлэн татах;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг;
- Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбадаржаагийн Батжаргалыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Баярсайханыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг;
- Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядмаагийн Ариунболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг тус тус томилох саналтай байгаагаа танилцуулав.
Эгүүлэн татагдаж буй Элчин сайд О.Дамбийням, Я.Ариунболд, Д.Батжаргал нарын томилолтын хугацаа нь дууссан, Элчин сайд Э.Сарантогосыг ажлын шаардлагаар сэлгэн ажиллуулах, Элчин сайд Ш.Батцэцэгийн томилолтын хугацаа нь үндсэндээ дууссан тул эгүүлэн татах саналыг танилцуулж буй аж. УИХ-ын 2013 оны 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээж ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч Элчин сайдын яамыг нээгээгүй юм байна. Гэхдээ тус улсад суух Элчин сайдаар Отгоны Дамбийнямыг 2014 онд томилж, түүнд Иран Улсыг хавсруулсан бөгөөд өнөөг хүртэл түүнийг эгүүлэн татах асуудлыг эрх зүйн хувьд эцэслэн шийдвэрлээгүй байжээ.
УИХ-ын гишүүд гадаад бодлогыг эдийн засагжуулахад онцгой анхаарч ажиллахыг хүссэн. Мөн сүүлийн үед дайны нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж буй геополитикийн асуудалд мэргэжлийн үүднээс хандан, яамтайгаа нягт хамтран ажиллах, визийн асуудалд анхаарал хандуулан ажиллахыг захилаа. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжив.