Г.Занданшатар: Өнөөдрөөс гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгож байхыг үүрэгдлээ
УИХ-ын пүрэв гарагийн /2023.04.27/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ээр эхлүүлэв.
Үргэлжүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх нэг зүйл байна. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд чуулганы нэдсэн хуралдаанд хэрхэн оролцож байгаа ирц болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгохыг УИХ-ын тамгын газарт үүрэгдэж байна. Ирц, идэвхийн мэдээллийг нэрээр нь гаргаж зарлаж бай. Үндсэн хуульд зааснаар иргэд энэ төрлийн мэдээллийг шаардах, авах эрхтэй. Хууль батлахад өгсөн УИХ-ын гишүүдийн санал нууцад хамаарахгүй. Өнөөдрөөс гишүүд анхаарч ажиллавал зохино. Олон иргэдээс санал, гомдол ирсэн" гэлээ.