“Эрдэнэс Тавантолгой“ ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тогтоолыг байнгын хороо дэмжив

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" тогтоолын төслийг хэлэлцэв. 

Уг тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа. 

Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсан" хэмээн танилцуулгадаа дурдав.

зураг

Түүнчлэн тус компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагагүй алба, нэгжийг татан буулгах, ажилчдын сахилга хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч нүүрс олборлолт тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа гэлээ.

Тухайлбал, нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ. Компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн аж. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс хил нөхцөлд шилжүүлсэн, уулын ажлын гүйцэтгэл гүйцэтгэх зардлыг бууруулсан компанийн өр төлбөрийг барагдуулж ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн болохыг Д.Амарбаясгалан сайд танилцуулав.

Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна.

Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин өсжээ

Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсжээ. Компанийн 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлогыг олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна.

“Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн хувьд 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлогыг олж, ашигтай ажиллажээ. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлжээ.

Худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна. Нийт долоон удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224,000 тонн коксжих нүүрс 192,000 тонн эрчим хүчний нүүрс нийт 416,000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулж, нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон төсөв төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн.

Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулжээ. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.

зураг

“Эрдэнэс Тавантолгой”  ХК тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах шаардлагатай. Иймээс “Эрдэнэс Тавантолгой”  ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа.

Ийнхүү тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646298
0 эможи

Эрдэнэс Тавантолгой

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up