УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын эргэн тойронд

2023 оны 3 сарын 06

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар тус улсад энэ сарын 1-нээс 5-ны өдөр албан ёсны айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байв.
УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улсад хийсэн  албан ёсны айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн Б.Энхбаяр, Барилга, хот байгуулалтын сайд, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Чинбүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нар ажиллав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй  албан ёсны хэлэлцээ хийв

Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй  албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг дурдан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн ямагт талархалтай байдгийг илэрхийлж, 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг онцлоод Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урилаа.
Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, тус төслийн гурав дахь үе шатыг эхлүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гээс хүссэн юм. 
Түүнчлэн Монгол, Японы залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдгээрийн хөгжих, суралцах эрхийг хангах зорилгоор Япон Улстай “Ажиллах, амрах визийн хэлэлцээр” байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Мөн өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзсан. 
Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай болсныг цохон тэмдэглэж, тэр дундаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд ихээхэн дэм болоод зогсохгүй олон зуун ажлын байр шинээр бий болгож, амжилттай хэрэгжсэнд санал нэгдсэн юм.

 “Хүн төвтэй” харилцааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ

“Гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-тай албан ёсны хэлэлцээ хийх үеэр тодотгов. 
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал зохион байгуулагдаж буйд туйлын баяртай байгаагаа Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода илэрхийлсэн юм. 
УИХ-ын дарга Г.Занданшатар оюун санаа, соёл, ардчиллын үнэт зүйлсээр холбогдсон “гуравдагч хөрш” Япон Улстай бүхий л талаар харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их хурал анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэх сонирхолтой байгаа талаар онцлон дурдлаа. 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхсан юм.
Тэрбээр Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжиллаа.
Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг дурдаж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг дахин нотлов.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой 2022 онд тохиож, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол түүний Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүссэн юм.

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-г дэмжин ажиллахыг хүслээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида, өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон бөгөөд цаашид бид Япон, Монголын харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв. 
Г.Занданшатар дарга бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Иймд хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-г дэмжин ажиллахыг хүслээ. 
Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага болон бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд гуравдагч хөрш Япон Улсын шууд хөрөнгө оруулалт, хоёр талын хувийн хэвшил, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645196
0 эможи

keyboard_arrow_up