УИХ-ын дарга Г.Занданшатар сар шинийн баяраар эх оронч ХУДАЛДАН АВАЛТ хийх уриалгыг ДЭВШҮҮЛЛЭЭ
Тун удахгүй монгол түмний уламжлалт баяр цагаан сар тохиох гэж байна. Монголчууд сар шинийн баярын бэлтгэл, худалдан авалтад жил бүр 1.3 их наяд төгрөг зарцуулдаг. Тэгвэл улсын хэмжээнд 940 мянган айл өрхийн эрхэлж буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар 1 их наяд орчим төгрөгийг нь дотооддоо үлдээх боломжтой гэсэн тооцоо судалгаа байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний мөнгөн тэмдэгтээ дэмжиж, бэлэг болгоцгооё уриалгыг дэвшүүлж, 12 дахь өдрөө үргэлжилж байгаа “амар байна уу? 2023” үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Тэрбээр, цагаан сарын үеэр монголчууд 1 наяд орчим төгрөгөөр гадны бизнесийг дэмжиж, тэр хирээр мөнгөн урсгалаа гадагшаа алдаж байна. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Тийм ч учраас өөрийн эх орныхоо хөрс шороонд ургасан хоол хүнс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэе гэх уриалга дэвшүүлж, эх оронч худалдан үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.
Нийслэлийн засаг даргын санаачилгаар НЗДТГ, “нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу? 2023” үзэсгэлэн яармагт 1000 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, 40 мянга гаруй бараа бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар үйлчилж байгаа гэв. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ.