УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөв
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Нэгдсэн хуралдаан 16 цаг 30 минутад дахин үргэлжилж АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл бүлгийн зүгээс хуулийн төслүүдийг дэмжих боломжгүй байр суурьтай байгаагаа мэдэгдсэний дараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;" гэж, мөн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 22.2.5 дахь заалтыг “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д зааснаас бусад агуулга бүхий зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.3 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Ингээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсний дараа зарим хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг сонссон юм. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэсний дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, эцсийн найруулгыг нь сонслоо.
Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг онцлов. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд 03 дугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгөв.
Ингээд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 180 асуудал, Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцлээ. Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, Улсын Их Хурлын тогтоол 38-ыг баталлаа. Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг үйл ажиллагаа явуулжээ. Эмийн чанар, хилийн боомт, Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороод байгуулагдаж, нийтийн сонсгол, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. КОВИД-19, хүнсний хангамж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн гурван Түр хороо ажиллаж, зарим нь дүгнэлт, тайлангаа гаргасныг мэдэгдлээ. Мөн монголчууд түүхэн сонголтын өмнө ирээд байна. Түүхэн сонголт хийх шаардлага монгол үндэстэнд түүхэн цаг үеүдэд тулгарсаар ирснийг тэмдэглээд хөгжил дэвшлийн, шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ. Нийт ард түмнээ төлөөлж бүрэн чадахуйц Бага олонлог энэ санал асуулгад оролцоно. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэхэд, монгол түмэн хөгжлийн түүхэн сонголтоо хийхэд нь бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, түүний дотор ардаа төлөөлсөн Улсын Их Хурал, түмний элч болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай хандах ёстойг онцлон тэмдэглэв. Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.