Л.Оюун-Эрдэнэ: Албан тушаалаа урвуулан ашиглаж олсон хөрөнгийг ШУУД ХУРААНА. Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханs Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт улсынхаа нэрээр бонд босгож, бүлэглэлийн зарчмаар хувааж, эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж, 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа.
Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ойлгож байна. Монголын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Тиймээс уул уурхай нүүрс тойрсон далд эдийн засаг, МАНАН бүлэглэл 30 жилийн хугацаанд амь бөхтэй оршсоор байна.
Шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараах гурван эрх зүйн өөрчлөлтийг Засгийн газар УИХ-тай хамтарч хийх шаардлагатай байгаа юм.
Орлогын тэгш бус байдлыг арилгах. Авлигатай тэмцэхэд намын харьяалал огт хамаагүй. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй. Энэ агуулгаар Уул уурхайн биржийн тухай, Баялгийн сангийн тухай, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг УИХ-д ойрын хугацаанд өргөн барьж ажиллах болно.
Иргэний төлөөлөх эрхийг хангах тухай. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн бага ард түмний төлөөлөл байх ёстой. Хоёр том намын гишүүн биш энгийн иргэд парламентад сонгогдох нь өдрийн од мэт ховор байна.
Хариуцлагын тогтолцоог чангатгах. Монгол Улсын эрүүгийн тогтолцоо иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж иргэд шүүмжилж байна. Арван хуруундаа алтан бөгжтэй хүнийг хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Засгийн газраас Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.