Х.Нямбаатар: 40 сая төгрөгөөр торгодог заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа

2022 оны 12 сарын 14

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өнөөдөр /2022.12.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Arslan.mn

Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг нийтийн албаны удирдах албан тушаалд бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгасан байна.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж улсын орлого болгохоор тусгасан байна.

Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндсөн бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар оруулжээ. Тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэх юм байна.

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулах нэмэлтийг тусгажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагыг адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний (22.2, 22.3) торгох ялыг хасаж, бусад ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгасан байна.  

Мөн нийтийн албан тушаалтан хахууль авах (22.4) гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль  (22.3) авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол (22.4) ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг оруулсан байна.

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах (22.6) гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялыг хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлжээ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих (22.10) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгажээ.

Arslan.mn

Түүнчлэн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ялын бодлогыг чангатгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг тусгахаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар авлигын гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмын хэрэгжилт баталгаажна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643375
1 эможи

Зочин
2022-12-14 20:42
Ха ха торгохоо болиод тэнсэн өгөх нь үү. Ингэж хулхидаад гэж
Х.Нямбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up