ХААИС-ийн багш, оюутнуудад “цахим системийн” хэрэглээ, ач холбогдлыг танилцууллаа
Олон нийтийн засаглах эрхийн цахим талбар болох вэб, аппликейшн хосолсон D-Parliament платформыг их, дээд сургуулийн оюутнууд, багш судлаачдад танилцуулж, мэдээлэл солилцох ээлжит уулзалт энэ удаа ХААИС дээр боллоо.
Хууль тогтоох үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахаас гадна парламентын ил тод байдал, эргэх холбоог сайжруулж, зөвлөлдөх ардчиллыг төлөвшүүлэхийн тулд уг цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал ач холбогдолтой.
Өнөөдрийн уулзалтын үеэр D-Parliament аппликейшний үндсэн функцуудыг танилцуулж, хэрэглэгчдийн хандалт, нэмэлт хөгжүүлэлтийн талаар мэдээлэл солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтуудын хүрээнд багш, оюутнууд саналаа илэрхийлж байсан юм.
Цаашид их, дээд сургуулиудын оюутнуудад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдлыг цувралаар танилцуулж, үнэн зөв мэдээлэлд тулгуурласан олон нийтийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд хангаж ажиллана.