ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг УИХ дэмжив
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн. Уг саналыг хэлэлцэж, нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авав. Түүний хувьд өмнө нь Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай.
Ийнхүү зөвшилцсөний дараа Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох юм.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Төсвийн ажлын хэсэг хуралдах болсон тул чуулганы хуралдаан түр завсарлав.
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг татан авлаа.
Уг хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг албан тушаалтан ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш зээлийг бусад этгээдээс авахыг хориглох зохицуулалтыг тусгажээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлогоос шалтгаалан хуулийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл үүсэж болзошгүй байгааг харгалзан үзэж, уг хуулийн төслийг татан авав.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20.1-д хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно хэмээн заасан байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/
- Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар